ЗӨВЛӨХГҮЙ АЖИЛЛАЖ, АЛБАНДАА ЖИЖИГ ОВРЫН МАШИН ХЭРЭГЛЭНЭ

2016-07-28  

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.

Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

-  шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх,

-  хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах,

-  Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах,

-  Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх,

-  Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх.

Товч мэдээ:

-  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, гишүүдээр Засгийн газрын зарим гишүүн, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллах юм.

-  Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдох болсонтой нь холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эгүүлэн татлаа.

-  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яамдаас хийж байгаа ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах, тухайн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгийн тооцоог гарган Сангийн яаманд танилцуулах зэрэг арга хэмжээ авахыг сайд нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?