Ц.НЯМДОРЖ : "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРТ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 51 ХУВИЙН ЭРХ МЭДЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН

2016-09-30  

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж " Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Тэрээр “”Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар Засгийн газрын шийдвэр гарч гурван сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл өнөөдрийг хүртэл байдал учир битүүлэг хэвээрээ байна. Тиймээс энэ талаарх зарим мэдээллийг би судлаж, олон нийтэд танилцуулж байна. “Эрдэнэт”-ийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг луйвраар зарсан нь тодорхой. Манай Засгийн газар Оросын талын шахалтаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзсан. Оросын тал өөрийн эзэмшлийн 49 хувиа зарах эсэх тэдний эрхийн асуудал. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсаны дараа Монголд явагдсан хуйвалдаан анхаарал татаж байна.

Зургадугаар сарын 27-нд Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргаж хувьцаа эзэмшигчдийн удирдамж гэдгийг баталсан. Тэр тушаалаараа “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын Засгийн газарт ногдох 51 хувийг 49 хувийг худалдаж авсан гэсэн хүмүүсийн эрх мэдэлд үнэгүй шилжүүлэх ажиллагаа хийсэн. ТУЗ нь зургаан гишүүнтэй, гурав гурвын харьцаатай байна. ТУЗ-ийн дарга нь цөөнхийн төлөөлөл байна гэсэн утгатай Сангийн сайдын тушаал гарсан. Тэр өдрөө ТУЗ-ийн хурал болоод “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийг баталсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг цөөнхөөс томилно, ТУЗ-ын зургаан гишүүнийг соливол даргын саналыг авна гэсэн заалт оруулсан. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод "Эрдэнэт" үйлдвэрт Монголын Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон". Сая Ерөнхий Сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад “Эрдэнэт” үйлдвэрээс мэдээлэл авах гэхэд өгөхгүй байна.

Өнөөдөр болтол ТУЗ-ийн дарга нь хэн гэдэг хүн болсон нь тодорхойгүй. Монголын Засгийн газрын 51 хувийг төлөөлж байсан Шинэбаатар гэдэг хүн долдугаар сарын 7-нд өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Төрийн 51 хувийг хамгаалж байх ёстой хүн өөрөө гүйцэтгэх эрх мэдэлд шилжиж ерөнхий захирлын нэгдүгээр орлогч болсноор Монголын Засгийн газрын 51 хувь байхгүй болсон.

Хоёрдугаарт, "Эрдэнэт" үйлдвэр ноднин жилийн байдлаар улсад 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Зэсийн үнэ буурсан нь татварын хэмжээ буурах шалтгаан мөн. Гэхдээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй "Оюутолгой" компани эхний найман сарын байдлаар 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад "Эрдэнэт" үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Үүний цаана "Эрдэнэт"-ийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар явж байна.

Гуравдугаарт, энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. “Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх асуудал энэ хүнээр дамжсан байна. “Худалдаа Хөгжлийн Банк” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах хориотой. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Зургадугаар сарын 28-нд Эрдэнэтийн асуудал сөхөгдсөний дараа "Худалдаа Хөгжлийн Банк"-ны гүйцэтгэх захирал О.Орхон гэж хүн Монгол ТВ-ээр ярихдаа хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл эхэлсэн гэж үг алдсан. Яагаад Засгийн газар нь яриагүй байхад нэг банк энэ талаар хэлэлцэж байдаг билээ" гэв. Би Засгийн газарт ажлын хэсгийн дүгнэлийг яаралтай хэлэлцэж, Сангийн сайд Б.Болорын “Эрдэнэт”-ийн 51 хувийг нөгөө талд бэлэглэсэн хоёр нууц тушаалыг хүчингүй болго. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг шинээр хийж, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр томилж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг томилж, дүрмийг батлахдаа 51:49 гэсэн харьцааг хатуу баримтал. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ямар эх үүсвэрээс худалдаж авсан бэ гэдгийг шалгахыг хүссэн бичгийг явуулсан гэлээ.

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?