Д.ЭРДЭНЭБАТ: ИТГЭЛ АЛДАРЧ, СЭТГЭЛ ЦӨХӨРСӨН АРД ОЛОН “АМЛАЛТАА МАРТАГСДАД АХИАД ХУУРТАХГҮЙ” ГЭЖ ХАРИУЛЖ БАЙНА

2016-10-03  

"Эх оронд маань  сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   ээлжит сонгууль  эхлэх гэж байна. Энэ бол өнгөрсөн зун, 6 дугаар сарын 29-нд УИХ-ын сонгуулиас хойш 100 хоногийн дараа сонгогчдын саналаа илэрхийлэх  төрийн  хоёр дахь сонгууль юм. УИХ-ын сонгуулиас хойш 100 хоногт юу болоод өнгөрөв өө гэдгийг эргэж нэг дүгнэн сонголтоо баталгаажуулах гэхээсээ илүү сонголтдоо дүн тавих өдөр юм.

Улсын хэмжээнд нийт сонгогчдын 45 хувийн санал авсан ч УИХ-ын суудлын 86 хувийг дангаараа бүрдүүлэх боломжийг мажоритар сонгуулийн тогтолцоо Ардын намд олгосон. Гэхдээ Ардчилсан намд ч мөн нийт сонгогчдын 33 хувь саналаа өгсөн юм. УИХ-ын сонгуульд манай нам, манай намаас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдодоо намынхаа нөхдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгууль хэдийгээр зөрчил, гомдол олон байсан ч үр дүн нь  Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн. Энэхүү сонголтыг манай нам  улс төрийн соёлтойгоор хүлээн зөвшөөрч “Амлалтаа биелүүлж, ажлаа хий” гэсэн ард түмний итгэлийг битгий хөсөрдүүлээрэй гэж МАН-д төрийн эрхийг шилжүүлэн өгч байсныг  монголын ард түмэн одоо мартаагүй байгаа. 

Харин МАН-ын Мэргэжлийн Засгийн газар амласнаа биелүүлж ажлаа эхлүүлэх 100 хоногийг хэрхэн үдэв? Албан татвараар далайлгаж, албан тушаалдаа хөөрцөглөсөн өдрүүд байв уу гэдэгт олон түмэн өөрсдийн дүгнэлтээ өгөх нь лав.  Эрх баригчид ноёрхож, улс орны эдийн засаг, жирийн иргэд, төрийн  албан хаагчдын  ажил, амьдралд сөргөөр  нөлөөлөх  шийдвэрүүдийг хүч түрэн гаргасаар байна. 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газраас шат шатандаа хийсэн, их бүтээн байгуулалтуудыг санаатайгаар үгүйсгэх, түүний үр дүнг харлуулах сөрөг сурталчилгааг улайран хийж байгаа өнөөдрийн эрх баригчид  нэгэнт эхлүүлээд, эхлүүлсэн нь цаасан дээр бус бодит ажил болон дуусч буй ажлуудад ёслолын тууз хайчлан зогсох нь  сүүлийн үед элбэгшиж  байна. Айл бүрт тараасан гоё амлалтаар ард түмний итгэлийг авсан мөрийн хөтөлбөрийн биелэлт эхний 100 хоногоос хэрхэн биелсэн захын жишээг дурдая.
МАН мөрийн хөтөлбөртөө “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд  давахыг хориглоно” гэсэн ч хэн даргын хүү, дүү, бүр эхнэр нөхөр ямар ажил албанд томилогдсоныг бүгд мэдэж байгаа.

“Мэргэжлийн Засгийн газар байгуулна, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гэсэн ч хэдэн сайд нь “давхар дээлтэй”, хэчнээн сайд нь мэргэжлийнх эс мэргэжлийнх  болохыг ард түмэн харж байгаа.

“Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно” гэсэн ч ард олны хүүхдийг алаг үзэн, ялгаварчилж олгохоор боллоо.

“Цалинг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ” гэж амласан ч нэмэх биш хасах тухай шийдвэр эхнээсээ хэрэгжээд эхэллээ.

Эмч, багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 15-2 7сая төгрөгийг гурав дахин бууруулж, насаараа төрийн үйлчилгээний алба хашсан хүмүүсийн халаас руу гар дүрлээ.

“Шинэ төрлийн татвар нэмэхгүй” гэж амласан ч Засгийн газар малын хөлийн, орон сууцны, авто машины, архи тамхины, бүр цалингийн, ХАОАТ-ын, зуслангийн байшингийн татвар авах шийдвэр санаачлан зүтгүүлж байна.

Энэ бол эрх баригчдын эхний 100 хоногийн ажил. Зун намрын 100 хоногт МАН амласнаасаа буцаж, ард олноо мэхэлсэн хууралт, ухралтынх нь захын хэдэн жишээг дурдахад ийм байна. Амласнаасаа буцаж, бүр буцсанаасаа буцсан үйлдлийг эрх баригчид хийж байхад Монголын ард түмэн тэднээс юу хүлээх юм бэ гэж асууж байна. Сум, дүүргийн хурал бол эгэл жирийн иргэн хүний төрд  үгээ хүргэх, өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах,  нутагтаа эзэн нь байх Үндсэн хуулиар баталгаажсан төрийн анхан шатны байгууллага. Энэ сонгуулиар амлалтаасаа буцагсад, бултагсдад та бид дүн тавина. Харин хуурамч хөтөлбөр, худлаа амлалтад нь итгэл алдарч, сэтгэл цөхөрсөн ард олон “Амлалтаа мартагсдад ахиад хууртахгүй” гэж хариулж  байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол амласан, хийсэн хоёр нь алд дэлэм зөрсөн сайхан дүртэй мэхлэгчдэд өгөх сануулга, сэрүүлэг, даруулга, анхааруулга байх ёстой.
Орон нутгийн сонгуульд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн нөгөө л худал амлалтаа дахин давтах  оролдлогыг нь бид хүлээн зөвшөөрөөд суух ёсгүй. Ардчилсан нам “Төрийн дарамтаас түмнээ өмөөрнө” гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Бид иргэдээ өмөөрөгч, ард олноо хамгаалагч нь байх болно.
Бид ард түмнийхээ халаас, түрийвчний харуул нь байх болно.
Бид иргэн хүний хувийн эрх, эрх чөлөөний манаач нь байх болно.
Бид хохирсон, хууртсан сонгогчдоо эрх баригчдын дарамтаас өмөөрөх эзэд нь  байх болно.

Ирээдүйн зээлээр айлгаж байсан нам иргэдийн өнөөдрийн амьжиргаагаар тоглож байна. Улс орны эрх ашгийн төлөөх Ардчилсан намын шинэчлэл, шийдэл, шийдвэр бүрийг эсэргүүцэн зогсоож, ард түмний эрх ашгийг ч уландаа гишгэж байгаа Ардын намын ухралтыг бид хамтдаа зогсоох ёстой. Тиймээс 10 дугаар сарын 19-нд мөнгөнд хуурталгүй, Монголоо авч үлдэх, нутагтаа эзэн болохоо баталгаажуулах, амласанд нь биш ажил хийсэнд дүн тавих  сонголт болно" гээд Ардчилсан намаас нэр дэвшин оролцож байгаа нэр дэвшигчдэдээ амжилт хүслээ.



С.Эрдэнэ : Хяналт тавьж, биелэлтийг шаардаж ажиллана

-Сум, дүүргийн бүх түвшинд энэ сонгуульд бид ард түмэнтэйгээ хамт эрх баригчдын амлалт, мөрийн хөтөлбөрт хяналт тавьж, амлалт мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардаж, хяналт тавьж ажиллах шаардлага тулгараад байна.


С.Одонтуяа : МАН Үндсэн хуулийн гол заалтыг зөрчсөн шийдвэр гаргалаа

-Монгол Ардын нам хүүхдийн мөнгийг алагчлахгүй олгоно гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин УИХ-ын сонгуулийн дараа 2016 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ 38 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар өгөх тухай тогтоол баталсан. Мөн 2016 оны төсвийг тухай хуулийг батлахдаа Хүний хөгжил санд өөрчлөлт оруулсан байгаа. Хүний хөгжил сангийн тухай хуулийг анх батлахдаа уул уурхайн орлогоос иргэн бүрт тэгш хүртээнэ гэсэн зарчмыг болон Монгол Улсын Үндсэн хуулийн гол заалтыг зөрчиж байгаа.


Б.Энхбайгаль : МАН-ынхан 4 тэрбум ам.долларын зээлийг буюу гурав дахин их зээлийг илүү өндөр хүүтэйгээр авахаар бэлтгэж байна

-Эрх барьж буй улс төрийн хүчин сонгуулийн маргаашнаас эхлээд бүх амлалтуудаасаа ухарч эхэллээ. МАН үзэл нь тодорхойгүй, бодлого нь судалгаагүйгээр амласан амлалтаар дүүрэн байсан нь харагдаж байна. 1.5 тэрбум ам.долларын зээлийг муулж, өр нэмлээ гэж байсан МАН-ынхан сонгуулиас хэдхэн сарын сараа 4 тэрбум ам.долларын зээлийг буюу гурав дахин их зээлийг илүү өндөр хүүтэйгээр авахаар бэлтгэж байна. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал алдагдахад хүргэнэ гэсэн үг. Энэ нөхцөлд бид сум орон нутгаасаа эхлээд ардчилалдаа, тусгаар тогтнолдоо эзэн болох шаардлага тулгарч байна.


Б.Ган-Очир : Өнөөгийн улс төрийн байдлыг тэнцвэржүүлэхийн тулд орон нутгийн сонгуульд Ардчилсан намд саналаа өгье.

-Монголын залуучууд өнөөгийн улс төрийн байдлыг тэнцвэржүүлэхийн тулд орон нутгийн сонгуульд Ардчилсан намд саналаа өгье. Өнөөдрийн Монголын эрх мэдэл дээгүүрээ биш, дунд шатанд, орон нутагт байдаг. Зургаан дүүрэг хөгжинө гэдэг бол өнгөрсөн хугацаанд нийслэлд өөрчилсөн бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн үг. Танай аймагт хэрэгцээтэй "Гудамж" төсөл, "Сум" төсөл бүгд дунд шатанд өргөжиж хөгжинө. Тэр төслүүдийг үргэлжлүүлэхгүй гэх юм бол доод шатныхан маань бүгд төр засгийнхаа өмнөөс хүчтэй үг хэлж, шахалт үзүүлнэ гэсэн үг.  

 

 

DEMPARTY.MN                

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?