“МААМУУ НААШ ИР” ДУУ 60 НАС ХҮРЛЭЭ

2016-10-17  

Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. 

Нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Энэ талаар хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын том охин, СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн “60 жилийн өмнө 1956 оны зун би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа зуны амралтаараа ирээд байсан үе. Тухайн үед хүүхдүүдтэй тоглож байхдаа том хүний дуу дуулсан шиг байгаа юм. Тэр үед аав хүүхдийн дуу цөөхөн байна. Зохиох хэрэгтэй юм байна гээд С.Лхамсүрэн гуайтай нийлээд нэлээд хэдэн хүүхдийн дуу тэр зундаа зохиосон байдаг. Хамгийн эхнийх нь “Маамуу нааш ир”. Өөрөө мандлин хөгжим дээр тоглоод надаар анх дуулуулж үзсэн байгаа юм. Би ч их амархан сурч, дуулсан санагддаг. Ингээд энэ дууг хамгийн анх би хашааныхаа хүүхдүүдтэй хамт дуулсан түүхтэй.” хэмээн дуу бүтсэн түүхээс хуучиллаа.

“Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн хүн нь хүүхдийн дууны гэж алдаршсан МУГЖ В.Долгор юм. Тэрээр “Би 1940-өөд оны хүүхэд. Тэр үед хүүхдийн дуу их ховор байснаа 1950-аад оноос хүүхдийн дуу зохиох нь харьцангуй олон болсон. Үүний нэг жишээ нь миний багш Д.Лувсаншарав 1956 онд “Маамуу нааш ир” дууг зохиосон. Тухайн үедээ намайг өрөөндөө дуудаад зохиосон дуунуудаа надад сонсгосон. Тэр дуунуудыг би маш их хүндэтгэлтэйгээр хүлээн авч дуулсан юм. “Алтан хараацай”, “Манай цэцэрлэг” зэрэг 10 гаруй дуу байсан. Үүний дотроос хамгийн удаан дуулагдаж байгаа  нь “Маамуу нааш ир” байгаа юм. Үе үеийн хүүхдүүд хэлд, хөлд орохтойгоо зэрэгцээд л энэ дууг дуулдаг. Тэгэхээр хүүхдийн дууны цагаан толгой гэж хэлж болно” гэлээ.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх бол 13 цагт МХО-нд хүндэтгэлийн тоглолт болох юм байна. Мөн энэ өдрийн 14 цагт “Маамуу нааш ир” дууг бүх цэцэрлэг дээр гээд улс даяар нэгэн зэрэг дуулахаар төлөвлөжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?