ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН МОНГОЛ ДИСНЕЙ ЛЭНД БАЙГУУЛНА

2016-12-04  

Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалтай “Шинэ Хүрэл тогоот” төслийн талаар ярилцсанаа хүргэе

“Шинэ Хүрэл тогоот” буюу шинжлэх ухаанд суурилсан Парк байгуулахаар ажиллаж байгаа гэсэн, энэ талаар сонирхуулаач ?

Манай хүрээлэнгээс 2015 онд эхлүүлсэн хамгийн том төсөл бол “Шинэ Хүрэл тогоот” юм. 2014 онд “Сансар од эрхэсийн ордон”-ыг ашиглалтад оруулсан. Энэ ордон үйл ажиллагаагаа явуулснаас хойш 10 гаруй мянган хүн үзээд байна. Үүнийг томруулах үүднээс 1957 онд анх ашиглалтад орсон “Хүрэл тогоот” гэдэг бага гараг, сансрын хог хаягдал судлах үйл ажиллагаа явуулдаг байсан газрынхаа бааз суурийг ашиглаад нийгэмд зориулсан том ажил хийхээр зорьж байгаа.

Энэ төслийг Шинжлэх ухааны байгууллагаас санаачилж байгаа шалтгаан нь Шинжлэх ухаан гэхээр хэтэрхий их техникжих мэргэжлийн хэдэн хүн л ойлгох биш. Монгол улсын иргэд төдийгүй гадаадны жуулчид Шинжлэх ухаанч байдлаар нисэх загвар сонирхохын хажуугаар агаарын бөмбөлгөөр цэвэр агаарт гарч Улаанбаатар хотыг зайнаас харна. Хамгийн гол нь Одон оронтой танилцуулах юм. Төсөл ажилттай хэрэгжвэл эко орчинд Шинжлэх ухаанд суурилсан Парк болно.

Энд ямар байгууламжууд байх вэ?

Сансар, одон орон, нисэх загвар гэсэн чиглэлийн 10-аад байгууламж байх юм. Загварт одоогоор алга. Тэр том том байгууламжид юу байхав гэхээр Одон орныг үндэслэгч “Хубилай” хааныг таниулах музей, түргэн хоолны газрууд, хүүхдүүдэд зориулсан энтертаймент, кино үзүүлбэрийн газрууд байхаар төлөвлөж байгаа. Энэ нь одон орон дээр үндсэлсэн цогц байгууламж болох юм.

Онцлог нь зүгээр нэг парк биш бодит байдлыг Шинжлэх ухаанч байдлаар харуулахад оршиж байгаа юм. Жишээ нь : галзуу хулгантай адил галзуу онгоцоор нисэх, пуужингийн бүхээгт орох, Холливиудийн кинонууд дээр гардаг зүйлийг бодит байдал дээр үзэх, кэмпид гэр бүлээрээ байрлаж шөнө оддыг дурангаар харж мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулах, нар, сар хиртэх байгалийн онцгой үзэгдэлүүдийг харуулах юм. Мөн “Хүрэл тогоот”-оос сансар огторгуй сайн харагддаг.

Дисней Лэнд шиг болно гэсэн үг үү?

Дисней Лэнд шиг гэхдээ Монгол Дисней Лэнд хүүхэд багачуудад тоглоомоор дамжуулж одон орны шинжлэх ухааныг таниулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хүмүүсийг дуртай болгох, танин мэдэхүйд нь дэвшил авчрах зорилготой юм.

Өдөрт хэчнээн хүн хүлээн авах боломжтой байхаар тооцоолж байна ? 

Өдөрт 2000 гаруй хүн хүлээн авах чадвартай байгууламж болно гэж урьдчилан тооцоолж байгаа юм.

Энэ төсөл хэзээ дуусаж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болох вэ?

Энэ төсөлд манай хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл голчлон ажиллаж байгаа. Дэмжин оролцогч байгууллага нь манай байгууллага өөрөө. Э.Бат-Үүл даргийн үед “Улаанбаатар” хотын захиргаа дэмжиж ажиллахаар болсон. Одоогоор ажилд хүлээлт үүсээд байгаа юм. Яагаад гэхээр сонгууль өнгөрөөд удаагүй засаг төр эмхрээгүй байгаатай холбоотой. Уул нь 2015-2020 он хүртэл үргэлжлэхээр цаасан дээр буусан. Гэхдээ манай байгууллага хөтөлбөрийнхөө хүрээнд “Сансар од эрхсийн ордон”-той танилцсаны дараа “Хүрэл тогоот” дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д очиж, өндөр хүчин чадал бүхий дурангаар нар, сар оддыг дурандаж үзэх хөтөлбөртэй ажиллаж байгаа.

Энэ төслийг ямар хөрөнгөөр хэрэгжүүлэх юм бэ?

Төслийг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын компаниудтай концессын гэрээ байгуулж ажиллахаар яригдаж байгаа. Мөн нийслэлээс дэмжихээр болсон. Гадаад, дотоодын зарим нэг компаниуд санал ирүүлсэн.

Манай байгууллагын хувьд мөн адил гадаад, дотоодын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Очиж үзэх хүсэлтэй хүмүүсийг Хотоос “Хүрэл тогоот” хүртэл тээвэрлэх асуудал гарах нь энэ талаар?

 Тэр талаар хэд хэдэн шийдэл яригдсан.

Нэгдүгээр : Нийтийн тээврийн “Дүнжингарав” гээд чиглэл байгаа шиг “Хүрэл тогоот” гэсэн чиглэл байж болох юм.

Хоёрдугаар : “Сүхбаатар”-ын талбайгаас агаарын бөмбөлгөөр “Хүрэл тогоот” хүртэл сонирхолтой аргаар тээвэрлэж болно.

Гуравдугаарт : Хувийн тээврийн компаниудтай хамтарч тохилог унаагаар “Хүрэл тогоот” хүртэл тогтмол үйлчлэх гэх мэтээр ярьж байгаа.


 

 

 

Ярилцсан Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?