ДЭНЧИНГЭЭС ДЭМЖЛЭГ

2016-12-15  

АН даргын сунгаанд  өрсөлдөх эрхмүүддээ  “Дансандаа 250 сая төгрөггүй бол цаашаа шүү” гэв. Энэ нь нэг үгээр хэлбэл, дэнчингээ төлж чадахгүй бол  дэлчигнэх хэрэггүй. Ардчилсан намыг даргалах дуртай юм бол Трамп шиг бай л гэсэн үг юм. Дэлхий нийт Трампыг харж, түүнийг дууриаж байгаагаас  манайхан яаж хоцрох билээ. Тэгээд ч АН-ын даргын сунгаанд нэрээ  дэвшүүлэхээ мэдэгдсэн эрхмүүдийн олонх нь саяхныг хүртэл “Би Трамптай адил” хэмээн цээжээ дэлдэж байв.

 Сонгууль явуулахад  сурталчилгаа, зохион байгуулалт  гэхчлэн зардал шаардагдах нь ойлгомжтой. Зардлаа босгох мөнгийг нэр дэвшигчид гаргаж л таарна. Энэ нь  АН-ын сонгууль зохион байгуулах хорооны тооцоолсноор нэг нэр дэвшигчээс 250 сая төгрөг, 10 өрсөлдөгч бүртгүүлсэн тохиолдолд 2.5 тэрбум төгрөг  байхаар болж байна.

АН-ын даргын сун­гаанд  хүч үзэх 10 хүн энэ намд  бий. Ха­рин сонирхлоо ил, далд хэлбэрээр  илэр­хийлснээрээ л өөр. Мөн мөнгөтэй, мөнгөгүй нь ч байна. Тэднээс зургаа нь бүртгэлийн хуудсаа авсан ч Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар өчигдөр сунгаандаа бүртгүүллээ.  Харин нэр дэвшинэ гэдгээ ил тод зарласан эрхмүүдээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, ардчилсан залуучуудын төлөөлөл М.Чимэддорж, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар чимээгүй байна.  Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар  бол нэр дэвшиж магадгүй гэх таамагт  аль хэдийнэ орсон нөхдүүд. Тэдний зүгээс ч мэдээлэл алга.  Тиймээс ирэх бямба гаригт бүртгэл дуусах хүртэл олон нийт  хүлээлтээр амьсгалах бололтой.

250 саяын дэнчин гэдэг нэг талаар АН нэр дэвшигчдээ мэдэрч гаргасан зардал  байх. Нөгөө талаас тийм хэмжээний мөнгө шаардагдахаар   байгааг судалсны  үндсэнд хийсэн тооцоолол  байж таарна. Тэгвэл  сунгаа зохион байгуулах хороо дэнчинг албан ёсоор зарлахаас урьтан Ж.Батзандан  мэдээллийг задалж “250 сая төгрөг гэж байгааг би эсэргүүцэж байна. Надад ийм мөнгө байхгүй. Ядаж 100 сая болгох хэрэгтэй” хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байв. Түүний дараа бусад нэр дэвшигчид  ч ийм босго тавьсанд намдаа харамсал илэрхийлцгээж байсан.  Мөнгөгүй юм бол больчих хэрэгтэй шүү дээ. Нөгөө “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засчихаад төрөө зас” гэж үгийг тэдэнд хэлчихмээр. Бас дээр нь өмнөх  өдөр нь мөнгөгүй гэж баахан халаглачихаад  маргааш нь гүйж очоод бүртгүүлчихэж байгаа Ж.Батзанданг  гайхмаар. Бүртгүүлэхдээ бас л мэдэгдэл хийж “Би намын даргын сунгаанд  нэрээ дэвшүүлчихлээ, дэнчингийн мөнгөнд  дэмжигчдээсээ хандив хүсч байна” гэж байх юм. Түүнийгээ нэг их тоглолт хийчихлээ, тактикаар бусдаасаа түрүүлчихлээ гэж бодов уу. Эсвэл сунгаа бодлогын биш  мөнгөний уралдаан болдог  учраас  дэнчингээ төлөөд  цаана нь тойргуудад тараах мөнгө  нь бага үлдчих гээд байв уу.

Дэнчингийн хувьд  хэн нь ч төлөөд л сонгуульд оролцож таарна. Тэрнээс өмнө дэмжлэг хүчтэй гэдгийг нам даргалах гээд байгаа хүмүүсийн зарим ойлгосонгүй.  Шинэчлэл ярьсан жирийн гишүүд нь бүх шатанд хэлэлцүүлж бүлэг, фракцийн нөлөөгүй хүнийг намын дарга болгоё гээд байсан. Гэтэл нэр дэвшигчид нь нөгөө л бүгдийг мөнгөөр шийдэх гэдэг  хуучин арга барилтайгаа тууж явна.  Тэгээгүй юм бол эсрэгээрээ  дэмжлэг авах, оноо цуглуулах бодлого,  мөрийн хөтөлбөртөө анхаарч баймаар.Жишээ нь, энэ сунгааны хамгийн залуу нэр дэвшигч М.Чимэддорж гэхэд л “Мөнгөгүй би яанаа” гэж хашгирахгүй л  байна шүү дээ.Улс төрийн тогоонд удтал чанагдсан Г.Батхүү, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод буй Ж.Батзандан хоёрт байхгүй, өгч чадахгүй гээд  байгаа 250 сая төгрөг тэр залууд байхгүй нь ойлгомжтой.Харин Ардчилсан намын залуус үнэхээр шинэчлэхийг  хүсч байгаа бол түүнийг дэмжээд 250 саяыг дорхноо босгочихно. Тухайлбал, АН-ынхан  дотроос экс гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт   бодлого, мөрийн хөтөлбөр нь өөрт таалагдсан  нэр дэвшигчийг  дэмжиж 50 сая төгрөг өгөхөө амлаад  байна.Дэнчингээс илүү  дэмжлэгтээ санаа зовооч ээ, АН-ын даргад горилогчид оо.  

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?