АН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨГЧИД ГАРААНААС ГАРЛАА

2016-12-20  

Ардчилсан намын даргад өрсөлдөгчид өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Намын удирдлагаас нь эв нэгдлийг сахиж явахыг сануулаад зогсохгүй хүн тус бүрт багцалсан  “таван сум” бэлэглэв.  Мөн нэр дэвшигчид  хууль тогтоомжийг мөрдөх, намынхаа үндсэн дүрмийг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг болон намын  нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрөх, намын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж,  хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “Даргын сунгаа бидний дотоод асуудал. МАН наашаа өнгийлгүй хотынхоо утаанд л анхаар” гэхчлэн эрх баригч намд үг дайв.

Мөн Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн хүн бүртгүүлэхийг хараад тав дахь нь  болж “таван сум” хүчтэй гэсэн санаагаар нэрээ дэвшүүлэн оролцож буй Н.Алтанхуягтаа талархлаа. Манай нам нэг хэсэг ийм сэтгэлтэй хүнээр дутаж байсан. Одоо харин  олон болж байна” хэмээв. Мөн тэрээр таван нэр дэвшигч УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан тулхтай, итгэл даах эрхмүүд болохыг онцоллоо. 

Үүний дараа нэр дэвшигчийн мандатаа гардаж авсан эрхмүүд   бүртгүүлсэн дарааллаар  үг хэлсэн юм.

С.Эрдэнэ: ШУДАРГА СОНГОЛТ ХИЙГЭЭСЭЙ

/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан, УИХ-ын гишүүн /

-Бид өнөөдөр АН-ын шинэтгэлийн их аянд хамтдаа гарч байна. АН-ыг байгуулсан цагаас хойш 26 жилийн алдаа, оноог хамт туулж ирсэн журмын нөхөдтэйгээ өрсөлдөж байна. Энэ сунгаа бидний шинэчлэлийн төлөөх хувь нэмэр, хамтын зүтгэл гэж харж байна. Тиймээс АН-ын олон гишүүн  энэ сунгааг намын төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа гэж үзэж, тэгш, шударга харж сонголтоо хийгээсэй гэж хүсч байна”

Д.Эрдэнэбат: ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД ОРОЛЦ ГЭСЭН

/Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Намын даргын сун­гаанд оролцох эсэх­дээ хувь хүнийхээ хувьд эргэлзэж байсан. Гэхдээ энэ намын даргын сун­гаанд оролцох нь энэ намын нэр хүндийн асуудал шүү гэдгийг намын гишүүд, дэмжиг­чид хэлсэн учраас би орол­цож байгаа. Энэ орол­цоо нь бидний хувьд унаж байгаа ардчиллын үнэлэмжийг дээшлүүлэх, баталгааг хангах, АН-ын шинэтгэлийг цоо шинэ суурин дээр авч явах шинэчлэлийг шаардаж байгаа учраас намын даргын сунгаанд оролцож байна. 2016 оны сонгуулийн дараах уналт, сургамж энэ намыг цаашид яаж авч явах вэ гэсэн дохиог өгч байна. Орон нутгийн сонгууль ч гэсэн АН үндэсний хэмжээний нам гэдгийг харуулсан. АН-ын даргын сунгаа АН-ын төлөө, ардчилсан төрийг тогтоохын төлөө, АН-ын эв нэгдлийн төдийгүй, Монголын ардчилсан төрийн эв нэгдлийн төлөөх сонгууль болж байгаа гэдэгт итгэлтэй байгаа учраас сонгуульд оролцож байна. Энэ сонгуулийн дараа энэ намын нүүр царай өөрчлөгдөж, бид эв нэгдэлтэй бие биеэ дэмжсэн хариуцлагатай нам болно гэдэгт итгэлтэй байна.

Л.Гантөмөр: АН ЗӨВ БОДЛОГОТОЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ БОЛНО

/БСШУ-ны сайд асан/

-АН-ыг яавал итгэл хүлээсэн нам болох вэ гэдгийг хүн бүр бодож байгаа. Энэ намын үйл хэрэгт намын 180 мянга гаруй гишүүд дандаа санаа зовж байдаг. АН-ын VI их хурал намын шат шатны дарга нар намын гишүүдээсээ сонгогддог, АН-ын шинэтгэлийн хөтөлбөрүүдийг баталсан нь ололт юм. Их хурлаар батлагдсан шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын даргыг сонгох гэж байгаа нь онцлог юм. Монголын улстөрчид ард түмнээсээ холдсон гэдгийг намын бүх шатны гишүүд Их хурал дээр хэлж байсан. Тиймээс энэ удаагийн сунгаа, намын даргын өрсөлдөөн АН-ын итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна. АН гишүүдийн болоод хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцааж авах шаард­лага байгаа. АН-ын сон­гуулийг нэр төртэй  зохион байгуулаарай гэж намын удирдлагуудаас хүсч байна.

Ж.Батзандан: АН ФРАКЦИЙНХ БАЙХ УУ, ОЛОН НИЙТИЙНХ БОЛОХ УУ ГЭДГИЙГ ШИЙДНЭ

/УИХ-ын гишүүн/

-АН-ын шинэчлэл эхэлж байна. Монгол төрд шинэчлэл хэрэгтэй учраас АН шинэчлэгдэх ёстой. АН-ын 180 мянган гишүүд шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, идэвхитэй оролцох ёстой. АН-ын шинэчлэл хаашаа чиглэх вэ гэдгийг олон нийт хүлээж байгаа. Сүүлийн найман жил хаалттай байсан. Тиймээс АН нээлттэй нам болж өөрчлөгдөх ёстой. АН эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны төлөө нам байх ёстой. АН үндэсний эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг нам болж шинэчлэгдэж байж бид шинэ эрин үеийн шаардлагыг биелүүлнэ гэж бодож байна. АН бүлэглэл, фракцийн нам байх уу, олон нийтийн нам байх уу гэдгээ энэ шинэчлэлээр тодорхойлно. Бид бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой. АН олигархиудаасаа салж, олон түмэндээ үйлчилдэг нам байж, намын шинэчлэл өөдөө байх болтугай.

Н.Алтанхуяг: ЖУРМЫН НӨХДИЙНХӨӨ ХҮСЭЛТИЙГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

/Ерөнхий сайд асан/

-АН-ын даргын сунгаанд оролцох шийдвэрээ их цаг тулгаж гаргасан. Би энэ намыг зургаан жил удирдаж байсан учраас энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэж бодож байсан. Гэвч хойшлуулж боломгүй энэ хариуцлагатай энэ цаг үед журмын нөхдийнхөө санал хүсэлтийг хүндэтгэлээ. Намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс ахмад, дунд үе, залуучууд нь намынхаа төлөө гар гараасаа барилцаад хамтдаа зүтгэх цаг болсон. АН-ын их хурлын үеэр орон нутгийн төлөөллүүд ч гэсэн асууж, санал хэлсэн.  Бид бие биенээ ойлгож, хамтран ажиллая гэдэг саналыг гишүүд олноороо хэлсэн. АН-ын олон гишүүдийн са­налыг хүлээн авч Монгол­доо иргэн бүр сайхан амьдрахын төлөө хамтдаа ажиллая гэж намын даргад өрсөлдөж  байна. Нэгнээсээ давах гэсэн аминчхан үзлээ мартаж, их зорилгоо биелүүлэхийн тулд давахгүй саад бэрхшээл байхгүй. Эвийн хүчээр хамтдаа бүгдийг бүтээцгээе.

АН-ын даргад нэр дэвшсэн таван эрхэм тавуулаа 2012-2016 оны УИХ-ын нэг ангийнхан. Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар Шинэчлэлийн Засгийн газарт хамтран ажиллаж байсан. Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нар АН-ын дарга, генсек байв. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа арванхоёрдугаар сарын 22-нд албан ёсоор Хэнтий аймгаас эхэлнэ. 2017 оны нэгдүгээр сарын 29-нд орон даяар зохион байгуулна. Сонгуулийн үйл явц ямар байх талаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “АН-ын VI их хурлаас намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Дүрэмд орсон заалтад АН-ын даргын сонгуулийг орон даяар зохион байгуулна гэж заасан.  Дүрмийн дагуу хандивын мөнгийг сонгууль зохион байгуулалтын зардал, сонгуулийн сурталчилгааны зардал гэж хоёр хуваасан. Сонгуулийн зардлыг нэр дэвшигчдэд ижил хэмжээтэй хувааж тооцно гэсний дагуу 1,2 тэрбум төгрөгийн зардлыг хувааснаар нэг нэр дэвшигч 240 сая төгрөг хандивлана. Дүрмийн дагуу 200 сая төгрөгөө өгсөн таван нэр дэвшигч 40 сая төгрөг нэмж өгнө. Сонгуулийн сурталчилгаа нэгдсэн нэг журмаар явна. Бүх нэр дэвшигчид хамтдаа аймаг, дүүрэг орон нутгаар нэг цаг хугацаанд сурталчилгаа хийнэ. Бусдаасаа салан­гид, бие даасан сурталчилгаа хийхийг  дүрмээр хориглосон байгаа. Сурталчилгааг арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхлүүлж, улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна. Ирэх оны нэгдүгээр сард болох АН-ын даргын санал хураалтаас өмнө намын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Энэ шинэ­чил­сэн бүртгэлийг ца­химаар хийж байгаа. Шинэчилсэн бүртгэлд хам­рагдсан намын тат­вараа төлсөн бүх гишүүд саналаа өгнө” гэлээ.

 

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?