Ардчилсан намын даргад өрсөлдөгч таван эрхэм 21 аймгаар тойрч гишүүд дэмжигчдээсээ санал гуйсаар яваа. Бараг бүх аймагт хүрч АН-ын даргад өрсөлдөх болсон шалтгаан, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Харин тэдний нэг Н.Алтанхуяг бусад дөрөвөөсөө тэс өөр менежменттэй явна. Түүнд мөрийн хөтөлбөр, даргад өрсөлдөх зорилго гэж алга. Тэрээр АН-ын гишүүдтэй уулзахдаа “Мөрийн хөтөлбөр боловсруулж амжаагүй, нэр дэвшие гэж нэг их бодсонгүй. Хүмүүс зөвлөхөөр нь мөнгө өө төлөөд ороод ирлээ” гэдэг үгийг уулзалт бүрийнхээ эхэнд хэлж байгаа.
Мөрийн хөтөлбөргүйн дээр АН-ын дарга болно гэж бодоогүй юм бол энэ хүн тэр дөрөвтэй юу хийж яваа юм. Энэ асуултын хариултыг Н.Алтанхуягийн явсан замаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд унаж, харлаж байгаагаас харж болно. Н.Алтанхуяг өөрт олгогдсон 20 минутынхаа 17-д нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг харааж, зүхэж, Н.Энхбаяраас ч дор авлигач болсон гэдгийг ард түмний ой тойнд эргэлт буцалтгүйгээр шингээж байна.
Эндээс дарга болох бодолгүй, намаа шинэчилэх мөрийн хөтөлбөргүй Н.Алтанхуягийн үндсэн зорилго тодорч байгаа юм. Тэр эрхэм Ц.Элбэгдрж Ерөнхийлөгчөөс өшөө авч хонзон тайлж яваа юм байна.
Өнөөдрийн байдлаар Н.Алтанхуягтай холбоотой, хамаатнуудтайгаа нийлж тендерийн мөнгө идсэн гэх хэргийн зургаан ч хавтаст хэрэг хаагдаагүй байгаа. Дээр нь АН-ын байрыг зарсан мөнгөнөөс дутсан 10 тэрбум төгрөг ч түүнийг ийн хавтаст хэрэг рүү хөтөлж магадгүй. Энэ бүхнээс улбаатайгаар Төрийн тэргүүндээ өширхөж явдаг бололтой юм. Харин Хуягаа даргын үндсэн зорилго тун сайн биелж байгааг өнгөрсөн долоо хоногт болсон Утааны уулзалтаас харж болно. Тэгэхэд монголчууд бараг бүгдээрээ төрийн тэргүүн рүүгээ “гахх түй” гээд нулимсан нь зөвхөн Н.Алтанхуягтай холбоотой байсан ажгуу.