Монголын уран хатгамалыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын хамт олон Монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зэхэж байна.
Үүний эхлэл болгож “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэн болон "Хүндэтгэлийн даалин" урлалын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын шашин төрийг хослуулан барьж байсан Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалинг орон нутгийн болон “Эгнэшгүй санаа төв”-ийн урчууд хамтран дөрөв дахин томруулан урт нь 2 м 25 см, өргөн нь 88 см байхаар урлан Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа юм байна.
“Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд ХIX зуунаас XX зууны эхэн үед хамаарах эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Богд хааны ордны урчуудын шилдэг бүтээлүүдээс гадна орчин үеийн Монголын шилдэг уран хатгамалчдын бүтээл дэлгэгдэх юм байна.
Хүндэтгэлийн даалин урлах ёслолыг энэ сарын 27-нд нээлтээ хийх Богд хааны ордон музейн ховор, нандин гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнгээр эхлүүлэх юм байна.
А.ЦЭРЭНДУЛАМ