ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТОВЫГ БАТАЛЛАА

2017-01-26  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг ирэх зургаадугаар сарын 26-нд явуулахаар баталлаа.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ. 

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 49 нь буюу 86 хувь нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?