С. ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН НАМ АМЬД, АРДЧИЛАЛТАЙ НАМ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ ЧАДЛАА

2017-02-13  

АРДЧИЛСАН НАМЫН 7-Р ИХ ХУРАЛД АРДЧИЛСАН НАМЫН

ДАРГА  СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ

 Эх орныхоо Дөрвөн зүг Найман зовхисоос олон мянган намын гишүүдийнхээ төлөөлөл болж хүрэлцэн ирсэн Ардчилсан Намын 7-р Их хурлын төлөөлөгч эрхэм журмын нөхөд өө!

Манай их хуралд урилгаар оролцож байгаа дотоод гадаадын хүндэт зочид, хатагтай ноёд оо!

Та бүхэндээ АН-ын 7-р Их хурлын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.

Өнөөдөр Монголын ардчиллын түүхэнд нэгэн чухал үйл явдал өрнөж байна. Энэ бол АН-ын шинэтгэл  үүнд чиглэгдсэн  АН-ын үзэл баримтлалын шинэчлэл, АН-ын дүрмийн шинэчлэл юм. Бид энэ бүхнийг хийснээрээ Монгол улсын 21-р зууны Улс төрийн намуудын шинэчлэлийн түүхэн эхлэлийг тавьж байна. Монголын улс төрийн түүхнээ анх удаагаа намын даргын сунгааг орон даяар явуулж, намын даргыг бүх гишүүд нь сонгодог шинэчлэлийг хийж чадлаа.

Би эрхэм журмын нөхөр Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр,  Д.Эрдэнэбат нартайгаа хамт тавуулаа Монгол сайхан эх орноо бүтэн тойрч, АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзсан, ярилцсан, сэтгэлийнх нь шивнээг сонссон өдрүүд ард хоцорлоо.

Сонгуулийн дараа надтай нэгэн баг болж ажиллаж ардчиллын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн Та дөрөвтөө дахин чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АН-ын даргын сунгаанд намайг, мөн миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн болон сонгуульд оролцсон нийт гишүүддээ гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

Ардчилсан Нам амьд ардчиллалтай нам гэдгээ харуулж чадлаа. АН-ын даргын сунгааг зохион байгуулсан, дэмжсэн бүх хүмүүст, бас энэхүү гишүүддээ эрх олгосон Дүрмийг боловсруулсан Ш.Түвдэндорж даргатай ажлын хэсэг, намын даргын сунгааны зарчим, зохион байгуулалт, саналын дүнг тооцох аргачлалыг анх санаачилсан журмын нөхөр П.Цагаан, энэхүү сонгуулийг явуулахад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Намын дарга нар, идэвхтэн, гишүүд, Ж.Оюунбаатар даргатай сонгуулийн ерөнхий хороо болон салбар хорооны бүрэлдхүүнд гүн талархал илэрхийлье.

Уулзсан газар болгонд манай намын гишүүд намын эв нэгдлийг ямагт эрхэмлэхийн чухлыг бидэнд бүх талаар мэдрүүлсэн. Үүнийг би гишүүдийнхээ хэлсэн үг, хурц шүүмжлэл, нүднийх нь харцнаас харж мэдэрч явлаа.

Өнгөрсөн он жилүүдэд Монголын ардчиллын төлөө журмын нөхөд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж, намын анхан шатны байгууллагыг үүсгэн босголцож, Монгол төрийн бодлогыг тодорхойлоход оролцож, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, боловсрол, мэдлэг, туршлага, бие оюунаа харамгүй зориулж ирснийг минь ойлгон дэмжиж АН-ын Дарга хэмээх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм албыг хаших үүргийг Содномзундуйн Эрдэнэ надад олгосон явдалд журмын нөхөддөө чин сэтгэлээсээ талархаж байна.

Би Ардчилсан намтай амьдрал, хувь заяагаа холбоод 27 жил болж байна. Туг ч барьсан, тугал ч хариулсан.

Би та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, АН-ын эв нэгдлийг дүрмийн хүрээнд, шударга ёсны хүрээнд, хүн ёсны хүрээнд хангахын төлөө зүтгэнэ. Бид ахмадуудаасаа өвлөх туршлагагүйгээр, эмэгтэйчүүдийн нарийн нандин мэдрэмжгүйгээр, залуучуудын гал цогтой хүсэл тэмүүлэлгүйгээр хэзээ ч урагш алхаж чадахгүй.

АН шинэчлэгдэж, чадваржихын хэрээр эх орны минь өнгө төрх, монголчуудын маань амьдрал дээшилдэг. АН-ын үйл ажиллагаа  сулрахаар өөр нам аархаж, ард түмний өнгө сааралтдаг. Улс орны байдал хүндэрч, ардчиллын ололтууд алдагдаж, ардчиллын үнэ цэнийг бүдэгрүүлэх оролдлогууд газар авдаг.

Ардчилсан хувьсгалын үйл явц маш их үнэ цэнээр өрнөсөн гэдгийг залуу үе төдийлөн ухаарахгүй байна. Ардчиллын үнэт зүйлээ залуу үедээ ойлгуулаагүй нь бидний буруу юмаа.

Ардчилал ямар үнэ цэнээр, бидэнд юу авч ирэв гэдгийг дахин нэг эргэн санацгаая!

Монголын Ардчилал асар их үнээр олдсон юм. МоАХ, АСХ, ШДХ, МОХ партизанууд,олон мянган гишүүд дэмжигчдийн нөр их зүтгэлийн үрээр өнөөдрийн манай ардчилсан нийгэм цогцлон буй болсон. Тийм гавьяа зүтгэлтэй журмын нөхдөөс маань олон хүн өнөөдөр  бидэнтэй байхгүй байгаадхарамсаж байна. 

Биднийг орхин одсон анд нөхдийнхөө хийх ёстой хувийг бид нуруундаа үүрэн хөгжил цэцэглэлттэй, ардчилсан Монгол улсыг цогцлоохын төлөө бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой.

Аймгуудаар явах бүрт сэтгэл өвдөж байсан. Ардчиллыг авчирсан Ардчиллын партизануудын маань амьдрал хүнд байгаад харамсаж байсан. Хэцүү цаг мөч бүрт сэтгэлд минь гал болж явдаг Ардчиллын анхдагчууддаа би хайртай байдаг.

Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал бол улс төр, эдийн засгийн хүрээг нэгэн зэрэг хамарч, маш богино хугацаанд, далайцтай явагдаж амжилтад хүрсэн гэдгээрээ дэлхийд үнэлэгддэг.

- Ардчиллын ачаар бид Эцэг өвгөдийнхөө үнэн түүхийг мэдэх, судлах эрхгүй нийгмээс ангижирсан. Их эзэн хааныхаа нэрийг ч чанга хэлэх эрхгүй тийм нийгмийг 1990 оны Ардчилсан хувьсгал халсан юм.

Хэнтийн Дэлүүн болдогт Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж Хөшөө босгуулсан хүн Үндсэрхэг үзэлтэн гэгдэн чичлүүлж, ажил амьдралаараа шийтгүүлж байсан.  Энэ дашрамд хэлэхэд, тэр үеийн дарангуйлагч намыг залгамжилсан, шинэчлэгдсэн хэмээх одоогийн эрх баригчид Их хаанд маань дургүй бололтой.

Ямар ч байсан Улсын маань төв талбай Чингис хааны нэрэмжит байсныг болиулсныгаа ажил хийлээ хэмээн эндүүрч, андуурч байна.

-1990 оны Ардчилсан хувьсгалаас өмнө үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэх ч эрх чөлөөгүй байлаа. Гандан орж хийморийн сан тавиулахдаа орой үдэш, шөнө дөлөөр хулгаж очдог байсан шүү. Улсын хэмжээнд 1944-1989 оны хооронд ганцхан л сүмтэй байлаа шүү дээ.

- Далан жил тасралтгүй засгийн эрх барьсан, одоо АН-ыг улс орныг сүйрүүлсэн мэтээр гутаах  үзэл суртлын аянд мордоод байгаа МАН-ын олон гэмт нүглийн дотроос ганцхан баримт хэлмээр байна.

Энэ нам гадны харгис хүчинтэй хамсан ямар ч гэм зэмгүй 30 гаруй мянган иргэнээ буудан хороож, олон мянган хүнийг шорон гянданд тамалсан нь бас үнэн түүх. Энэ 2017 онд Монголд хэлмэгдүүлэлт, их хядлага явагдсаны 80 жил тохионо. 

Энэ гэмт хэргийнхээ төлөө МАН ямар нэгэн хариуцлага хүлээсэн үү? Харин ч эсрэгээрээ ард түмнийгээ хоморголон хядсан гэмт хэргийнх нь төлөө төрийн нэрийн өмнөөс АН Засгийн эрх авсан даруйдаа уучлал гуйж, нөхөн төлбөр өгөх хууль батлуулсны 20 жил бас энэ онд болно. Бид түүхээ мэдэх эрхтэй, залуу хойч үедээ мэдүүлэх, бас сануулах үүрэгтэй.

Улс төрийн, эсвэл эдийн засгийн шинэчлэлийн аль нэгийг хийхэд ихээхэн цаг хугацаа шаарддаг, эсвэл гадаад улсын эрчимтэй оролцоо, дэмжлэг хэрэгтэй байдгийг дэлхийн улсуудын түүх гэрчилдэг. Тийм ч учраас Монгол улсын Ардчилсан хувьсгалын амжилтыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.Нийгэм эдийн засаг, улс төрийг эрс шинэчилэх асуудлыг ийн тавьснаар олон намын тогтолцоо руу шилжиж парламентийн засаглалтай орон болсон юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засаг руу шилжиж чадлаа.

1940-1990 оны хоорондох 50 жилд Монголын эдийн засаг 10.4 дахин өссөн бол өнгөрсөн 25 жилд 76 дахин өссөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 100 тэрбум төгрөг байсан бол 2015 оны төсөвт энэ үзүүлэлт нь 7.6 их наяд төгрөг боллоо. Бид гурван саяуулаа болсон. 24 сая байсан мал сүргийн тоо хувьд шилжсэнээр 61.5 саяд хүрлээ.

Энэ бүх амжилтад Ардчилсан намын хувь нэмэр асар их. Ардчиллын үнэт зүйл болсон хуулийн шинэчлэл, өмч хувьчлал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт эдийн засаг, үнэ чөлөөлөх зэрэг олон суурь шинэчлэлийг Ардчилсан нам манлайлан зоригтой, тууштай авч хэрэгжүүлсний үр дүн юм. Эдийн засгийн шинэчлэл тал дээр ганц жишээ дурьдахад “Малыг малчдад” уриан дор явуулсан малын хувьчлал манай хөдөө аж ахуйн салбарын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан. Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон чухал салбар.

Энэ салбарынхаа хөгжлийг хөхүүлэн дэмжиж чадсан маань эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх үндэс болж өгсөн. Мал аж ахуйн салбарт явуулсан энэ шинэчлэлийг Азийн бусад орнуудад явуулсан эдийн засгийн шинэчлэлтэй жишвэл газрын хувьчлал, газар тариалангийн шинэчлэлтэй зүйрлэж болохоор юм.

Өнгөрсөн 4 жил Монгол Хүн 2020 мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд аж үйлдвэржилтийн аяныг эхлүүлж, сүүлийн 90 жилд хийгдээгүй Их Бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан. Сүүлийн 25 жилд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого, банк санхүүгийн механизм байхгүй байсныг шинээр бий болгож, эхлэлийг тавьсан.

 2012 онд Чингис, Самурай бондыг гаргаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 6 хувийн хүүтэй зээлээр 1055 үйлдвэрийн төслийг санхүүжүүлсэн. Мөн 2720 км зам тавьж 7 аймгийн төвийг нийслэлтэй холбосон. 2016 оны эцэс гэхэд нэмээд 1284 км зам ашиглалтад оруулахаар төлөвлөн ажлуудыг нь эхлүүлээд байсан. Зөвхөн авто замын салбарын ажлын энэ үзүүлэлтээр гэхэд сүүлийн 91 жил хийж чадаагүй бүтээн байгуулалтыг  гуравхан жилд хийж бүтээж чадсан гэсэн үг. Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулж, зээлийн хүүг бууруулснаар барилгын салбарын ажлын байрны тоо 2 дахин өсөж, 100 мянган ажлын байртай болсон. Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож бууруулсан.

Тийм ээ, 1990 оноос эхэлсэн Ардчилсан хувьсгалаас хойш эдүгээ хүртэл Монгол улс олон талаар хөгжин цэцэглэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч, өнөөгийн Монгол улсын эдийн засаг хангалттай түвшинд хүртэл хөгжиж чадаагүй байгааг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн 27 жилд бид болон Монголын бүх улс төрийн хүчин улс орныхоо эдийн засгийг бие даасан шинжтэй, бүтээмжид суурьтай болгон шинэчилж, үндэстнийхээ эдийн засгийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц түвшинд хүргэн хөгжүүлж чадсангүй.

Манай эдийн засаг бүхэлдээ, ялангуяа улсын төсвийн дийлэнх хувь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай явж ирлээ. Энэ бүтэц 1990 оноос өмнө ч ийм байсан, өнөөдөр ч чанарын хувьд өөрчлөгдсөнгүй.

Улс орны эдийн засаг гэдэг салбаруудаа оновчтой хувь хэмжээгээр хөгжүүлж, зүйрлэх юм бол олон тулгуур баганатай байж, олон орлогын эх үүсвэртэй байх ёстой атал бид уул уурхай,  хөдөө аж ахуй, худалдаа голлосон үйлчилгээний салбар гэх мэт ганц хоёрхон тулгуур багана бүхий эдийн засагтай, бүхий л хэрэгцээгээ импортоор хангадаг ийм улс хэвээр байсаар байна.

Эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүн анхаарах ёстой чиглэл бол үйлдвэржилт гэж Ардчилсан нам үзсэн билээ. Бид өнгөрсөн 27 жилд энэ сэдвийг бага анхаарсан нь үнэн. Харин, сүүлийн 4 жилд АН бусад нам эвсэлтэй хамтран засгийн эрх барьсан хугацаандaa энэ талаар өргөн цар хүрээтэй, дорвитой ажлыг эхлүүлж чадсан. Энэ бодлогыг АН цаашид улам боловсронгуй болгон хэрэгжүүлэх чиглэл баримтална.

АН-д алдаа, онооны аль аль нь байсан. Гэхдээ Ардчилсан нам МАН шиг ард түмнийхээ эсрэг буу шагайгаагүй, АН МАН шиг ард түмнийхээ мал хөрөнгийг хураагаагүй. АН МАН шиг ард иргэдийнхээ улстөрийн болон шашин шүтэх эрхийг хасч, соёлын үнэт зүйл болсон олон зуун сүм дуганыг үнсэн товрог болгож нүгэл хийгээгүй. Өнөөдөр ч гэсэн эрх баригчид ардчиллын эсрэг гэмт үйлдэл хийж, хувийн хөрөнгөд эрээ цээргүй халдаж, байгууллагын нэр хаяг өөрчлөх, гудамж талбайн нэр, уул хайрханы нэр өөрчлөх төдийгөөр өдөр хоног төөрүүлж,  шилэн дансны хууль, цахим тендер зэрэг төрийн үйлчилгээнээс татгалзаж, төрийн албыг авилгалын алба болгон хувиргаж байгаа нь даравч дардайж, булавч бултайж байна. Өнөөдөр МАН-аас томилогдсон албан тушаалтнууд Албан ажлынхаа өрөө тасалгаандаа авилгалд авсан мөнгөө тоолоод хувааж аваад суудаг болж байна. Ингэж болохгүй. Ард түмэн, ялангуяа амьдралаа залгуулж яваа бизнес эрхлэгчид одоогийн төр засгаас сайныг горьдох хэрэггүй юм байна гэдгийг аль хэдийнээ  ойлгоод эхэлчихсэн байна.

Журмын нөхөд өө!

Монголын ард түмэн АН-ыг шинэчлэгдээсэй гэж залбиран сүү, цайныхаа дээжийг өргөж байна. Яагаад вэ гэвэл  Монголын ард түмэн ардчилалд хайртай, дэмждэг учраас хайртай хүүдээ хатуу чанд шаардлага тавьдаг эцэг эх  шиг АН-д хатуу шаардлага тавьж, ихийг хүсэн хүлээдэг болохыг бид сайтар ойлгосон. Ард түмнийхээ хайр, итгэлийг даахын тулд бид бусдаас илүү бүтээлч, илүү зохион байгуулалттай, илүү санаачилгатай, илүү эрч хүчтэй байхыг ойлгож байна. АН тийм байхыг Монголын хувь заяа хүсч байна. Энэ бол түүхэн хариуцлага. Бидэнд алдаа байсан. Эв нэгдэлгүйгээс ч болсон юм бий.  Туршлага дутсан, бас ов мэхэнд хууртсан ч явдал бий.

2000 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Ардчилсан хувьсгалыг  санаачилсан ардчиллын төлөө таван нам нэгдэж Ардчилсан Намыг байгуулсан. Бид өнгөрсөн хугацаанд дөрвөн жил тутам болдог сонгуулиудад амжилттай оролцох, улс орноо хөгжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулж ажилласнаас биш, улс төрийн үзэл номлолын ялгаанаас үүсэх зөрүүгээ арилгах, намын дотоод ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх тал дээр төдийлөн анхаараагүйн улмаас механикаар фракцуудад хуваагдаж, тэр нь лавширсаар өнөөдөр манай нам дотор бий болж бугшсан олон алдаа дутагдлын үндсэн шалтгаан болж ирсэн нь үнэн.

2000 оноос хойш 4 сонгуулийн мөчлөг өнгөрөөд буй энэ цаг үед та биднийг намынхаа үйл ажиллагааны бүхий л хүрээнд гүнзгий шинэчлэл хийхийг намын гишүүд дэмжигчид төдийгүй нийт иргэд шаардаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг бид ингэж ойлгож хүлээж авч, намын шинэчлэлийн аяныг эхлүүлээд байна. Намын шинэчлэлийг эхлүүлсэн Ардчилсан Намын 6-р Их Хурлаас Намын дүрмийн шинэчилсэн хувилбарыг боловсруулах, Намын даргын сунгааг явуулах шийдвэр гарган хэрэгжүүлсэн. Намын даргаа сонгоно гэдэг АН-ын шинэчлэлт дуусч байгаа биш, харин эхэлж байна.Бид цаашид энэхүү шинэчлэлийг гүнзгийрүүлхийн тулд үндсэн дүрмээ, үзэл баримтлалаа нарийвчлан хэлэлцэж, шинэчлэн, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох учиртай.

Тухайлбал, намын үзэл баримтлал, үнэт зүйл, философи нь тодорхой болгож, намын дотоод ардчилалыг бэхжүүлж, нам доторхи шудрага ёс, дэг журамыг хатуу тогтоож, намын дүрэм нь бүх гишүүдэд ялгаваргүй тэгш үйлчилдэг болох ёстой гэж үзэж байна.

Монгол үндэстэн бол дэлхийн түүхийг манлайлан бүтээж ирсэн хуруу дарам цөөхөн үндэстний нэг. Энэ бол Монгол үндэстний агуу бахархал юм.  Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн консерватив намын хувьд Ардчилсан Нам  Чингис хааны байгуулсан Монголын Их Гүрнээс бидэнд өв болон үлдсэн үндэстнийхээ бахархал, түүх, соёл, ёс уламжлалаа суурь болгосон үндэсний идеологийг бүтээн бий болгож, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлийн хөдөлгөгч хүч болгох бодлого баримтална.

Ардчилсан Нам дэлхийн баруун төвийн намуудыг нэгтгэдэг Олон улсын Ардчилсан Холбооны гишүүн. Тиймээс бидний үнэт зүйл бол үндэстний түүх, өв уламжлал дээрээ суурилан, ардчиллын түгээмэл үнэт зүйлс, улс төрийн баруун төвийн үзлийн үнэт зүйлсийн цогцоос бүрдэх учиртай.

2000 онд манай намд нэгдэн нийлсэн таван намын үзэл онолд баруун төвийн үзэлтэй нийлэхгүй зүйлс ч цөөнгүй бий. Өнгөрсөн хугацаанд бид хар хүчээр тэр бүхнийг нэгтгэн нийлүүлэхийг оролдож ирсэн нь бодит үнэн. Жишээлбэл, манай намд неолиберализм үзлийг тээгчид бий. Гэтэл, эдүгээ энэ үзэл онол явуургүй болсныг дэлхий дахинаа нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, онолын хувьд энэ үзэл үндсэндээ “булшиндаа орж” байна. Тиймээс бид энэ удаагийн шинэчлэлээрээ улс төрийн намын үзэл баримтлалаа тов тодорхой болгон томъёолох шаардлага чухлаар тавигдаж байна.

Намын үйл ажиллагаан дахь жирийн гишүүдийн оролцоог хангахын тулд орон нутгийн намын байгууллагуудыг онцгойлон дэмжиж, бэхжүүлэх шаардлагатай. Ардчилсан Нам “Орон нутаг төвтэй нам” болох ёстой. Намын бодлого үйл ажиллагааг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн намын байгууллагуудыг идэвхжүүлж, гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төрийн албанд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж бүсийн нэгдсэн сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулдаг болох шаардлагатай.

Үндэсний хэмжээний хүчирхэг улс төрийн хүчний хувьд гишүүдийнхээ хөгжилд хүчтэй анхаарал тавьж, намын бодлогыг дэмжигчид, жирийн иргэдийн оролцоог чөлөөтэй хангасан нээлттэй үйл ажиллагаа явуулах замаар улс төрийн хүчнүүдийн дундах бодлогын өрсөлдөөнд ялж, ялгарснаар сонгогч олны дэмжлэгийг авч чадна.

Нам доторх фракцид суурилсан аливаа зарчмыг хална. Ялангуяа хүний нөөцийн бодлогын хүрээнд өнөөг хүртэл оршиж ирсэн тэрхүү буруу тогтолцооноос бүрмөсөн татгалзана. Нийгмийн салбар бүрт мэргэжил, ур чадвараараа манлайлан ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг, үндэстний болон төрийн язгуур эрх ашгийг дээдэлдэг, манай намын бодлого, үзэл баримтлалыг дэмждэг шударга иргэд, мэргэжилтэн, экспертүүд, манлайлагчдын оролцоог хангах үүднээс нам үйл ажиллагааныхаа үүд хаалгыг ямагт нээлттэй байлгаж,  салбар бүрийн төрийн бодлогыг боловсруулах чиглэлээр ажиллах бодлогын бүтцээ хүчтэй болгон хөгжүүлнэ.  

Ардчилсан Намын шинэчлэлийн аяны хүрээнд хийгдэх нэгэн чухал чиглэл бол намыг бодлогын институци болгон хөгжүүлэх суурийг тавих явдал мөн. Энэ бол улс төрийн намын эн тэргүүнд хийж хэвшүүлэх ёстой засаглалын чухал шинэчлэл юм. Бодлогын мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний бүтэцгүй нам сонгуульд ялж засгийн эрх авсныхаа дараа юу хийхээ мэдэхгүй байх буюу засаг төрийн үйл ажиллагааны тасралтгүй бөгөөд залгамжит чанарыг ханган ажиллуулах тал дээр илт барьц алдаж, ихээхэн хугацаа алддаг байдал манайд түгээмэл бий. Энэ байдал өнөөгийн эрх баригч намын өнгөрсөн 8 сарын үйл ажиллагаанаас гэхэд маш тодорхой харагдаж байна.

Ардчилсан Нам оршин тогтнож ирсэн хугацаандаа улс орныхоо хөгжлийн бодлогод томоохон дэвшилтэт санаачлагуудыг зоригтой дэвшүүлэн тавьж, амжилттай хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай.  Шинэчлэлийн хүрээнд тавьж буй дээрх зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж,Монгол улсынхаа хөгжлийн түүчээ нам байх болно.

Ардчилсан Намын 6-р Их Хурлаас эхлүүлсэн дүрмийн шинэчлэлийн үйл ажиллагаа нийт гишүүдийн оролцоотойгоор идэвхтэй үргэлжилж байна.  Энэ ажил өнөөдрийн 7-р Их Хурлаар дамжин 5 сар хүртэл үргэлжилж, Намын 8-р Их Хурлаар хэлэлцүүлэн эцэслэн батлагдах тул намын бүх гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна!

Журмын нөхөд өө!

Өнөөдөр манай улсын гадаад орчинд, олон улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байна. Ний нуугүй хэлэхэд тийм ч таатай биш, тодорхойгүй, бүдэг бүрхэг зүйл ч нэмэгдэж байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд Монголыг Монголоор нь авч үлдэн ардчилсан, хөгжсөн, энх тайван амьдралтай олон найз нөхөдтэй орон байлгахын төлөө АН ажиллах, тэмцэх учиртай. Бидний хойч ирээдүй үеийн үед туурга тусгаар, эрх чөлөөтэй, элбэг хангалуун эх орондоо амьдрах эрхтэй. Тэр эрхийг нь хангах түүхэн үүрэг бидэнд, АН-д ноогдож байна.

АН гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ах дүү намуудын сайн туршлагаас байнга суралцах ёстой. Ний нуугүй хэлэхэд бид дотоодыхоо зөрчил тэмцэлд автаж гадаад харилцаагаа сулруулсан нь байж боломгүй алдаа байсан. АН дэлхийн Ардчилсан холбооны гишүүн болон бусад ах дүү намууд, тэдгээрийн хүрээлэнгүүд, олон улсын байгууллагуудтай уламжлалт хамтын ажиллагаагаа эрс идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгээ, эрх баригч намтай нь найрсаг харилцаатай хамтран ажиллаж, дэлхийн улс орнуудын гадаад харилцааны шинэ хандлагатай хөл нийлүүлэн алхаж оновчтой зөв бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг цаг үе шаардаж байна. Үүнийг өнөөгийн эрх баригчид ч сайтар анхаараасай гэж хүсэж байна.       

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

Энэ цаг үе бол Монголын Ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн Ардчилсан Нам дахин шинэчлэгдэж, эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд дараагийн шатны хувьсгалыг эхлүүлэх ёстой тийм цаг үе юм.

АН-аас цаашид явуулах бодлого, улс орноо хөгжүүлэх бодлогын талаар дараагийн их хурал дээр дэлгэрэнгүй илтгэл тавих болно.АН бодлоготой, бодлогодоо тууштай, хэлсэн үгэндээ эзэн болдог, ухарч няцдаг биш, урагшаа тэмүүлж явдаг нам байх ёстой. Үүний төлөө намын гишүүд, дэмжигчид, ард олонтойгоо амин холбоотой ажиллана. АН-ын шинэчлэл бол Монгол улсын шинэчлэл юм.

Нэгэн цагт даян дэлхийн үйл хэргийг бүхэлд нь шийдэж, засаглаж явсан агуу их өвөг дээдсийн үр сад бид Их Эзэн Чингис хааныхаа өв бахархлаар зэвсэглэн, олон улсын тавцанд нэр хүндтэй, дэлхийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог, цөөхүүлээ ч гэлээ хүчтэй үндэстэн болон хөгжин дэвжих итгэл үнэмшилтэйгээр урагшлах учиртай.  Өвөг дээдсийнхээ хийж бүтээснээс илүү ихийг бүтээх зорилгыг өнөө цагийн Монгол хүн бүр өмнөө тавьцгаая.

Энэ 2017 оны 2 дугаар сарын 12-ны энэ билэгт сайн өдөр Монголын минь ирээдүйн сайн сайхныг баталгаажуулах нэгэн үеийн эхлэлийг тавьсан өдөр болж түүхэнд үлдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улс, Монголын ард түмэн, АН мандан бадрах болтугай.

 

 

ЭХ СУРВАЛЖ : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-13
Зочин:Илтгэл үнэхээр амьд сайхан болжээ. Монголд Эзэн Чингисээ өвлөн дээдэлсэн улс төрийн хүчин Ардчилсан намаас өөр алга даа. Эрдэнэ даргад амжилт хүсч, залбиръя даа. Монголын заяа өөдлөн дэвжих болтугай. 2017-02-14
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?