Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ үдэш “Азтай бадарчин 1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1998” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Жагдаг, “Азтай бадарчин 1999” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан нарын алдартнууд, хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавьлаа. Мөн үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.
Мөн энэ үеэр хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгарууллаа.
“Азтай бадарчин 2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ тодорлоо.
Харин “Азтай бадарчин 2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм.