МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ПАВИЛОН БИЕННАЛИД НЭЭГДЛЭЭ

2017-05-13  

Италийн эртний Венеци хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг орчин үеийн урлагийн бүтээлийн олон улсын Биеннали үзэсгэлэн 5 дугаар сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийв. Дэлхийн урлагийн олимп гэж нэрлэгдэх болтолоо нэр хүндтэй болсон уг арга хэмжээнд хоёр дахь удаагаа оролцож буй өөрийн улсын “Диваажингаас үлдэгсэд” /Lost in Tngri/ сэдэвт үзэсгэлэнг Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж албан ёсоор нээж үг хэллээ. Тэрээр үгийнхээ эхэнд Бинналигийн Үндэсний комиссар, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газар, бизнес эрхлэгчид уг үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулагчид хийгээд уран бүтээлчдээ дэмжсэнийг онцлон тэмдэглэв. 1895 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү наадам нь дэлхийн контемпорари урлагийн хамгийн нэр хүндтэй том үзэсгэлэн болоод зогсохгүй, эдүгээ түүний эргэн тойронд театр, кино, хөгжмийн наадам ч зохиогддог болж, урлагийн нүсэр том баяр гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.

Анх Венец хотын зөвлөлөөс зөвхөн Италийн урлагийн үзэсгэлэн маягаар эхэлж байсан бол 20-р зуунаас, тухайлбал 1907 оноос эхлэн, бусад улс орон сонирхон, анх Бельги улс павильоноо нээснээр олон улсын шинжтэй болжээ. Харин 1920 оноос эхлэн тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцож эхэлсэн бөгөөд 1910 онд Густав Климт тусгай өрөө захиалан уран бүтээлээ үзүүлсэн бол Пьер-Огюст Ренуар нэг хүний шоу үзүүлж, удалгүй Густав Кюрбе, Пикассо нарын ч бүтээл тавигдсан юм.

Үүнээс хойш орчин үеийн урлаг хөгжүүлсэн улс бүр өөрийн павилоныг нээхийг хичээх болж, 1914 он гэхэд Бельги, Унгар, Герман, Их Британи, Франц, Орос улс тус тус павилонтой болжээ. Харин Монгол Улс 2015 онд анх удаа гурван уран бүтээлчтэйгээр оролцсон бол энэ жил үзэсгэлэнг зохион байгуулагч “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-ны тэргүүн Б.Гантуяа, Улаанбаатар хотын Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, үзэсгэлэнгийн уран сайхны удирдагч Тесса Жексон, куратор Ё.Далх-Очир, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар болон ивээн тэтгэгч, дэмжигч 40 гаруй монголчууд нээлтэд оролцов.

2017 оны энэхүү “аугаа” үзэсгэлэн нь 57 удаагийнх бөгөөд дэлхийн 86 орон үзэсгэлэнгийн танхимаа байгуулан оролцож байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 10 наас 11 дүгээр сарын 20 хүртэл бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм.

 

 

О.БАТХИШИГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?