Б.УУГАНБАТ : АВАРГЫН ЦОМЫГ АНХ УДАА ӨРГӨХИЙГ ЗОРЬЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

2018-04-08  

Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн гадаадын лигийн тэмцээнүүдийг Монголд шууд дамжуулж, үзүүлэх болсон. Үүнийг дагаад хөлбөмбөгийн спортыг сонирхож үзэх, хичээллэх хүүхэд залуусын тоо эрс олширсон. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Серб дасгалжуулагч Воякан гол төлөв 10 жилийн хүүхдүүдээс бүрдсэн “Дэрэн” клубийг дасгалжуулж дээд лигт өрсөлдөж байсан. Дээд лигийн дарийн утааг анх удаа үнэрлэсэн залуус томчуудтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж долоодугаар байр эзэлсэн билээ. Харин удаах улиралд багагүй туршлага хуримтлуулсан залуус өөрсдийн уран гоё тоглолтоороо  тавдугаар байр эзэлж өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчидтэй болсон.

Жилээс жилд амжилтаа ахиулж буй Дэрэн багийн залуус гурван долоо хоногийн дараа эхлэх “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээнд өрсөлдөхөд бэлэн болсон байна. Та бүхэнд багийн ахлагч Б.Ууганбаттай ярилцсанаа хүргэе.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Хүрхрээ үндэсний дээд лигийн тэмцээн эхлэхэд бага хугацаа үлджээ. Дэрэн баг лигийн тэмцээнд хэрхэн бэлтгэж байна?

-Манай баг футзалын лиг дуусгаад л гуравдугаар сарын 7-ноос шинэ улирлын бэлтгэлдээ гарсан. Багийн удирдлагууд  ярилцаад бэлтгэлийн  системээс авахуулаад зарим нэг зүйлсээ өөрчилж, илүү эрч хүчтэйгээр шинэ улирлын бэлтгэлдээ ороод байна.  Энэ жил лигийн тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд нэлээн ач холбогдол өгч байгаа.

-Дэрэн клубийн бүрэлдэхүүн багагүй өөрчлөгджээ. Монгол Улсын шигшээ багийн хагас хамгаалагч Х.Цэнд-Аюушийг багтаа нэгтгэсэн байна?

-Бүрэлдэхүүнээ шинэчилж багийн тактикт тохирсон ахмад туршлагатай, дайчин тоглолттой Х.Цэнд- Аюушиыг нэгтгэсэн. Мөн өнгөрсөн жил манай багт тоглож байсан Ранич гэж Серб хаалгач эргэн ирсэн.  Үүнээс гадна  “Сэлэнгэ прэсс” болон “Хоромхон” багуудад  тоглож байсан  туршалагатай  Тацуяа гэж Япон  довтлогч энэ улирлаас эхлэн манайд тоглохоор болсон. Тацуяа хурдтай, техник сайтай тамирчин учраас  “Дэрэн”-нд сайн тоглох байх гэж найдаж байна.

-Өнгөрсөн жил талбайн төвд сайн тоглож байсан Нармандах бүрэлдэхүүнд харагдахгүй байна. Шинэ улиралд Дэрэнгийн өмнөөс тоглох уу?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч Нармандахын Дэрэн клубтай байгуулсан гэрээ энэ улиралд дуусч байгаа. Одоогоор бэлтгэлдээ хамрагдаагүй л байна. Магадгүй шинэ улиралд өөр багаас тоглох байх.

-17 хүртэлх насны багаасаа хэд хэдэн хүүхдүүдийг үндсэн багтаа дуудсан байна. Залуу тамирчдадаа боломж олгож байгаа хэрэг үү?

-16-17 хүрч байгаа таваас зургаан хүүхэд үндсэн багт дуудагдсан байгаа. Өсвөр насны тэмцээнд амжилттай сайн тоглосон хүүхдүүд байгаа учраас сайнаар нөлөөлөх байх. Бид нар ч хоёр жилийн ийм л энэ насан дээрээ дээд лигт өрсөлдөж байсан. Манай баг залгамж үеэ бэлтгэж залуу тамирчдаа дэмждэг.

-Гадаадаас нэмж тоглогч авч ирэх үү?

-Францаас нэг довтлогч авчрахаар ярилцаж байгаа гэсэн. Дээрээс нь хоёроос гурван залуу тамирчинг элсүүлээд шинэ улиралд өрсөлдөх баг бүрдэх байх.

-Б.Ууганбатын хувьд хэдэн жил тоглож багийн ахлагчийн тууз зүүж байна вэ. Өмнө нь өсвөр насны багуудад ахлагчаар тоглож байсан уу?

-Би Дэрэн клубийн өсвөрийн багт нэг жил тоглоод л насанд хүрэгчдийн багт тоглож  байсан. Үндсэн багт дөрөв дэх жилдээ хүчин зүтгээд анхны улиралдаа ахлагчаар тоглох гэж байна даа. Өмнө нь залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд ахлагчаар тоглож байсан.

-Өөрөө жигүүрийн хамгаалагчаар тоглодог. Таны тоглолтын онцлог юу вэ?

-Биеэр намхан ч хурдтай учраас энэ сул талаа нөхөж чаддаг. Жигүүрээр хурдтай нэвтэрч довтолгоонд ач холбогдол өгдөг нь миний тоглолтын давуу тал юм уу даа. Энэ чанар маань Дэрэн багийн хувилбарт тохирдог.

-Дэрэн клубтай хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ. Ирээдүйд өөр лигийн өөр багт тоглох төлөвлөгөө байгаа юу?

-Би дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Хугацаа нь ирэх жил дуусна. Одоогоор багаа солих бодолгүй байгаа. Удаан хугацааны гэрээ байгуулж багтаа үлдэх төлөвлөгөөтэй байна даа.

-Дээд лигийн шинэ улирлын тэмцээний талаар ярихгүй юу. Баасан гаригт гол өрсөлдөгч Эрчим багтай нөхөрсөг тоглолт хийсэн байсан?

-Дээд лигийн  шинэ улирлын тухайд ширүүн өрсөлдөөн дунд явагдах байх. Багууд  ач холбогдол өгч тоглогч худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулдаг болсон байна. Өнгөрсөн улирлын аварга Эрчим багтай хоёр удаа нөхөрсөг тоглолт хийсэн. Өчигдрийн тоглолт өрсөлдөөнтэй бол 3:3-аар тэнцсэн. Эрчим бол Монголын дээд лигийн багуудаас хамгийн зөв системтэй бэлтгэлээ базаадаг клуб гэж хэлж хэлж болох байх. Манай дасгалжуулагч ч өмнө нь Эрчимтэй ажиллаж байсан.

-Дэрэн клубийн тухайд шинэ улирлын сэргээлтийн бэлтгэлээ ОХУ-д базаана гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Бид багаа нэгтгэж уур амьсгал бүрдүүлэхийн төлөө ОХУ-д 10 хоногийн байрласан бэлтгэлд гарна. Уур амьсгал маш сайн байж, багийн тамирчид бие биенээ ойлголцож байна амжилт ирнэ шүү дээ.

-Дэрэн клубийн тоглолтын онцлог юу вэ?

-Багийн тоглолт сайтай. Энэ жил манайд Тацуяа, Жансерик, Энхбаяр гээд хурдтай тамирчид олон байгаа учраас сөрөг довтолгоо сайн хийж тоглохоор ярилцаж байгаа.  

-Танай багийн тухайд дээд лигт орсон эхний жилээ долоодугаарт, дараа жил нь дөрөвдүгээрт ороод жилээс жилд амжилт ахиж байгаа. Энэ жилийн тухайд ямар зорилготой оролцож байна вэ?

-Аваргын цомыг анх удаа өргөхийг зорьж байгаа. Энэ ч утгаараа туршлагатай сайн тамирчдаар хүчээ зузаатгасан. Өнгөрсөн жил медаль авах боломж нээлттэй байсан ч өөрсдийнхөө бага зэргийн алдаанаас болоод чадаагүй. Энэ жил алдаагаа давтахгүй ээ.

-Өөрсдийн гэсэн цэнгэлдэхтэй болсон. Дээд лигийн  зарим тоглолтуудыг энэ цэнгэлдэхдээ хийх үү?

-Өнгөрсөн жил гурван тоглолт талбайдаа хийсэн. Телевизийн шууд дамжуулалтуудаас шалтгаалаад олон тоглолт хүлээж авах боломжгүй юм байна лээ.  

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.  

Баярлалаа.

 

 

Д.НЯМАА

 

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?