Б.БАТБОЛД ЭМЧ : "ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ, ЗАМААСАА ГАРЧ, ОНХОЛДСОН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2018-07-06  

-Мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж байна. Таны хувьд интернет " ухсан" , түүнээс зүүгдсэн суух нь олонтаа. 

-Зах зээлд орсны ололттой тал байна. Монголын эмч нар гадагшаа их явж, нүд тайлж, мэдлэг нэмж, туршлага судалж, түүнийгээ Монголдоо нэвтрүүлж байна. Дэлхийг таньж мэдэж, хөл нийлүүлэхийг хичээж байна. Анагаахын шинжлэх ухаан цаг, минутаар өөрчлөгдөн хөгжиж байна. Анагаах ухааны нэг онцлог нь хэн нэгний нээлтийг бусад нь чөлөөтэй хэрэглэх давуу эрхийг эдэлдэг. Мэдээлэл, технологитой хөл нийлүүлж чадах юм бол Америкийн эрдэмтдийн нээсэн эмчилгээ оношилгоо, судалгаанууд дээр тулгуурлан, яг л Америкт буй юм шиг, тэр америк эмч яаж эмчилж байна, бид яг түүн шиг эмчлэх боломжтой.

-Зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг үү? 

-Дэлхийн анагаах ухааны нээлт, ололтыг тухайн эрдэмтэний нэр дээр бүртгэх ч, түүнийг өмчлөх эрхийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл бусдад нээлттэй үлдээдэг . Энэ утгаараа арилжаанаас ялгаатай, агуулгын хувьд хүнлэг энэрэнгүй.

-Нээлтээрээ аль улс тэргүүлж байна, сонирхуулбал?

-Цөөхөн. АНУ нийт нээлтийн 70 орчим хувь, 20 гаруй хувийг Европын улс орон, үлдсэн 5 хувийг Ази тивээс Япон улс нээсэн байдаг.

-Шинжлэх ухаанд тулгуурласан хөгжил бол хамгийн алсын хараатай, зөв хөгжил гэж ойлгогдоно. Харин манай Монголд энэ асуудал ямаршуу байгаа вэ?

-Миний хамгийн их харамсч яваа юм энэ. Манай Монголд шинжлэх ухаанч байдал, шинжлэх ухаанч сэтгэлгээ ерөөсөө байхгүй болж. Соронзоор даралт бууруулна ч гэх шиг, сахар багасгана ч гэх шиг. Сүлжээний, тодорхойгүй нэг компанийн, худалдаа арилжааны зориулалттай эм бэлдмэл, хэрэгслүүд газар авсан. Маш хүчтэй, худал хуурмаг сурталчилгаа явуулж байгаа нь үүний илрэл. Монголын ард түмэн шинжлэх ухаанч биш болж, боловсрол мэдлэгийн түвшин нь доройтож буйн л шинж. Моод Монголоор дуусдаг гэгчээр бусад газар ахиц дэвшилгүй цаашаа явахаа больсон зүйлсийг манайхан оруулж ирэх юм. Тэр нь эхний нэг хоёр жилдээ цэцэглэдэг. Энэ бол эмч хүний сэтгэлийг эмзэглүүлдэг сэдэв. Шинжлэх ухаан гэж яг юу юм бэ?гэдгийг бодитоор нь, мөн чанараар нь ойлгох, түүний оргил өөд мацдаг, мэдэрдэг сэтгэлгээг Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй болсон залуу халаадаа бид өвлүүлж, өгмөөр байна.

Үүнийг орхигдуулж болохгүй. Энэ бол манай салбарын эмзэг цэг.

-Монголчууд маш их гадагшилж байна. Ажил амьдралын мөр хөөж. Тэгвэл эмчилгээ хийлгэхээр хилийн дээс алхах Монголчуудын тоо толгой алдагдсан. Солонгос улс гэхэд л Монголчуудад зориулсан үйлчилгээ нээгээд удаж байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувьд гадаадад эмчлүүлсэн нь дээр гэж үзэх болсон. Чадалгүй нь л, Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авдаг гэх хандлага нийгэмд бий болжээ. Энэ нь манай эрүүл мэндийн салбарт өгч буй нэг ёсны үнэлгээ гэж ойлгож болох уу? 

-Ард түмэн аливааг мэдэрдэг, үнэлдэг. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил гаднын улс орны хөгжлийн түвшинд хүрэхгүй байгаа нь ойлгомжтой. Гадагшаа зорьж буй эмчилгээний том урсгал бий болсныг хэн ч нууж чадахгүй. Илүүдээ гарсан мөнгө, цаг зав гэж байхгүй. Тэр тусмаа зугаацах гэж явж байгаа асуудал биш  шүү дээ. Тэгэхээр энэ бодит үнэлгээ. Үүнийг нууж хаагаад, яанаа, ийнээ? гээд байх нь чухал биш. Үүндээ дүгнэлт хийж, салбараа хөгжүүл гэсэн анхааруулга, дохио шүү дээ. Эмчилгээний зориулалтаар тоо хэмжээгээ алдсан бэлэн мөнгө гадагшаа урсаж байна. Энэ бол манай эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч мэргэжилтнүүдийн маань чадвар сул дорой байгаагаас үүдэж байна. Мэргэжилдээ үнэнч, хайртай дуртай, тэргүүлэгч сайн эмч Монголд бий юу ? гэвэл байна. Даанч дэндүү цөөхөн. Салбараа сууриар нь авч үзвэл нийтээрээ дэндүү сул байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Солонгосын томоохон эмнэлгийн нэр алдар бүхий эмч - "Монгол эмч шиг” гэдэг хэллэг Солонгосын эмч нарын дунд тарсан тухай Монголын сэтгүүлчид дуулгасан байна.

-Тэр нь юу гэсэн утгатай үг хэллэг юм бол? 

-Оношилгоо, эмчилгээний түвшингээр чадвар муутай гэж биднийг үнэлж байгаа хэрэг. -"Чи монгол эмч шиг болоо юу?" гэж ажлаа тааруу хийсэн нэгэндээ хандах болсон байна. Тэгэхээр үүнд уурлаад, ичээд байх юм байхгүй.

-Нэг талаас доромжлол шиг сонсогдож байна. Гэхдээ л бодит үнэнд ойртох үнэлгээ байх л даа. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бийг сануулж байна даа. 

-Үүнийг зөв шүүмжлэл, бодит үнэлгээ гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн салбарт стандарт мэдлэгийн түвшин тун дорой байгаагийн илрэл.

-Наад захын асуудал байгаа учраас л манайхан гадагшилж байна. Германд төгссөн Отгонболд эмч -Жирэмсэн эхийг өөрөөр нь төрүүлэх ёстой. Энэ бол эмч хүний эрдэм гэж жиргэсэн нь анаарал татсан. Гэтэл манайхан голдуу л хийсвэр ( кесерово) хагалгаа хийдэг болов. 

-Үнэн. Сэтгэл зовоосон асуудал болоод байгаа. Яагаад гэдгийг нь хөөгөөд үзэхээр системээс болж байна. Өөрөөр нь төрүүлэх эрсдэл өндөртэй, базлалт өгөөд яг төрөх дөхөнгүүт ургийн хүй хүзүүгээ ороочихсон тохиолдол байдаг. Базлалт өгөнгүүт ургийн зүрхний цохилт мууддаг. Тэгэнгүүт төрж чадахгүй нь гэж үзээд кесерево хагалгаа хийхээс өөр аргагүй шүү дээ. Гэтэл манайд хянаж байх техник төхөөрөмж хангалтгүй. Тиймээс энэ хүндрэлийг урьдчилан харж чадаагүй тохиолдолд хүндрэл гарвал эмч, эмнэлгийн ажилтан л бурууддаг хууль дүрэм үйлчилдэг. Ингэхээр хурдхан шиг аюулгүй төрүүлчихье гэдэг бодол орж ирнэ ээ дээ. Эхийн эндэгдэл гарч, санаатайгаар эндэгдэл гаргасан юм шиг ойлголт төрчих тал байгаа учраас эндэгдэл гаргахгүйн тулд бараг толгой дараалан кесерево хийчихвэл дээр ч юмуу гэх хандлага байдаг. Эмэгтэйчүүд, ар гэрийнхэн нь ч гэсэн эрсдлээ бодоод хагалгаа хийлгээд төрчих нь дээр гэж зөвшөөрдөг. Энэ буруу л юм байгаа юм л даа.

-Хагалгааны давалгаа өнөө цагт ид өндрөө авч байх шиг. Энэ тийм ч зөв хандлага биш гэж нэг мэргэжлийн хүн хэлэхийг сонссон. 

-Хагалгааг аль болох зайлшгүй тохиолдолд хийх учиртай. Түүнээс биш цөсний чулуу харангуут, тэнд нь нэг уйланхай үзэгдэнгүүт огтлох, авах гэдэг хандлага маш буруу. Тухайлбал, бамбай булчирхайн өвчний үед хордлого өгөөд, бамбайны үйл ажиллагаа өөрчлөгдчихсөн бол тэрийг түр зуур дардаг эм бий. Төгс эмчилгээ нь бамбайны үйл ажиллагааг зогсоох. Изотопийн иодоор эмчилнэ. Эсвэл хагалгаа хийнэ. Илүүдэл бамбайг нь авчихна гэсэн үг. Бамбайг 10 см гэж бодоход 5см-ийг авчихаар үйл ажиллагаа нь тавин хувиар буурчихна. Гэтэл манайхан хагалуулахыг өмнөө тавьдаг. “Иод 131” гээд зүгээр эм уугаад дарчихдаг юмыг “огтлуулах” гээд байдаг. Энэ эмийг барууны орнууд өргөн хэрэглэдэг. Ер нь л хоолойг “огтлох” асуудал байхгүй болсон шүү дээ.

-Нэг тохиолдлыг иш татья. Хоёр жилийн өмнө зохиолч С.Пүрэв гуай сахарын өвчний улмаас Клиникийн гуравдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. Эмчилгээ эрхэлсэн эмч нь - Маргааш таны нэг хөлийг нь гуяар нь тайрна. Цаашдаа муудвал нөгөө хөлийг чинь мөн тайрах болно гэж хэлснийг Пүрэв зохиолч, түүний ар гэрийнхэн тийм л юм байх гэж итгээд зөвшөөрсөн. Гэтэл үүнийг дуулсан яруу найрагч М.Билигсайхан, Д.Энхболд нар Пүрэв гуайг хагалгаанд оруулалгүй, Бээжин хот дахь Хятадын цэргийн эмнэлгийн эмчтэй холбоо барьж, тэнд аваачиж эмчлүүлсэн. Үр дүн нь юу болсон бэ? гэвэл хөлийг нь гуяар нь биш, хөлийнх нь дөрвөн хурууг тайрч эмчлээд хөл дээр нь босгосон. Үүнийг Бээжингийн Цэргийн эмнэлэгт С.Пүрэв зохиолчийг хэвтэж эмчлүүлж байхад нь очиж эргэхдээ Радиогийн дарга асан зохиолч Баярсайхан, яруу найрагч Бүрэнтогтох, сэтгүүлч Нарантуяа, Шаравдорж бид тав нүдээр харж, чихээр сонссон. Энд л ялгаа байх шиг байна даа. 

-Энэ чинь л манай анагаах ухааны хөгжил хоцрогдсон, ямар ч дэвшилгүй байгаагийн шинж. Эмчилгээ хоёр дахиа, гурав дахиа хийгдэх асуудал гарвал эргээд буруу талаасаа тайлбарлагдах учраас баталгаатайгаар нь хийх гэж байгаа нь тэр. Тэр нь дэндүү харгис юм болоод байгаа юм. Энэ зөвхөн эмчтэй ч холбоотой биш нийгэм, сэтгэхүй, хууль эрх зүйн орчноос шалтгаалж байна. Тухайн эмч хурууг тайраад болох юмыг хөлийг тайрвал арай найдвартай гэж л бодож байна шүү дээ. Сүүлд нь хууль эрх зүйн хувьд ч янз бүрийн юманд орохгүйн тулд тэр чигт авчихвал өвчин эдгэнэ, зогсоно гэсэн асуудал байна.

-Манай эмч нартай холбоотой асуудал дээр харгис маягийн хууль гарсан. Тэр хууль хэвээрээ мөрдөгдөж байгаа юу. Гомдол гаргавал эмчийг нэлээд хатуу шийтгэнэ гэсэн хууль яригдаж байсан.

-Хэн нэгнийг чулуугаар санаатайгаар цохиж хүнд гэмтээвэл 8 жил ял авна, эмч хүн бусдын төлөө зүтгэж яваад санамсаргүй алдаа гаргавал бас 8 жилийн ял авна гээд бодоод, харьцуулчих даа. Маш харгис сонсогдож байгаа биз. Гэтэл эмчийн мэргэжил 50 хувийн эрсдэл дагуулдаг онцлогтой. Мэргэжлийн онцлогыг үл тооцсон хууль. Ийм түүхий, шүүрхий, дутуу дулимаг, харгис хууль нь эмч нар, эмнэлгийн ажилтаны итгэл зүтгэлийг үгүй хийж байна. Хичээх биш, аль болох амиа хоохойлох, хэрэгт холбогдохгүйг боддог болгож байна. Бэртэгчин болгох л хууль. Сэтгэл, зүтгэл, хандлага хазайх болно. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн ийм харгис, хор холбогдол бүхий орчныг шинэчлэх нь салбарын залуур дээр сууж буй хүний нэн тэргүүнд хийх ажил.

-Хууль эрхзүйн орчин гэхээс гадна ер нь эрүүл мэндийн салбарын тогтолцоо доголдсон. Социалист, капиталист системийн аль алины үнэр ханхалсан ч, амьдрал дээрээ аль нь ч биш байна гэж ярьдаг.

-Сүүлийн хорин жил эрүүл мэндийн системийг "булшилчихлаа". Миний үеийн эмч нар бол коммунизмын маш сайн системээр бэлтгэгдсэн. Би 1981 онд сургуулиа төгссөн. 1990 оноос хойш социализм ч биш, капитализм ч биш, зах зээлийн ч биш албан хүчээр явж байна. Дээр нь баахан дарамттай. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ харлаж харагдах болсон. Эрүүл мэнд рүү зүглэх эмч, сайн мэргэжилтэн хомсодсон. Байгалиасаа өгөгдсөн генийн чадвартай, онц сурдаг чадварлаг оюутныг л Анагаахын Дээд сургуульд бодлогоор элсүүлдэг байсан тогтолцоо алдагдсан. Одоо тийшээ зүглэснээс зүглэхгүй байсан нь дээр гэж бодох болсон. Зургаан жил Дээд сургуульд сурна, үргэлжлүүлээд 5-10 жил мэргэшинэ. Нийтдээ арав гаруй жил суралцсаны эцэст сая нэг эмч болдог. Ажил олдохгүй. Ажилд орсон ч авах цалин бага, нийгмийн шахалт их. Хариуцлага өндөр. Нэр хүндгүй, эрсдэлтэй учраас зориглож орох хүн ховор болсон. Энэ нь цаанаа юунд хүргэх вэ? Гэвэл ирээдүйд, хол явахгүй, хөгжихгүй болгож байна . Тиймээс эрүүл мэндийн салбарын хөгжлийг боосон, тахир дутуу болгосон энэ харгис, амьдралгүй хуулийг өөрчлөх нь улс төрчид, хууль тогтоогчдын нэн даруй хийх ажил.

Бид Оюутолгой, Тавантолгой, хичнээн алт, мөнгө ам.доллар яриад яах билээ? Эрүүл мэндээ алдсан хүн, эрүүл биш нийгэм тэр доллараар яах юм бэ. Юуны өмнө эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх ёстой. Даатгалын зөв сонгодог системийг нэвтрүүлье. Зах зээлийн систем рүү нь оруулья. Маргаашаа харья, төлөвлөе. Сайн эмч, муу эмч гэж ярих бол жижиг , өнөөдрийн л цар хүрээний асуудал. Цалин бага байна гэдэг ч өчүүхэн асуудал. Эрүүл мэндийн салбар доголдоход ард түмэн л хохирдог. Үүнийг л засах шаардлагатай.

Угаасаа манайд сайн эмч мэргэжилтэн ховор. Эмч нар нь ч сайн эмчээ олох гээд чадахгүй, ховор байна. Сургууль төгссөн, ажиллаж буй нэг зуун эмчийн 80 нь ердийн эмч, 20 нь байгалиас өгөгдсөн жинхэнэ чадвартай эмч байдаг гэдэг тооцоо бий. Тэр өгөгдөл бүхий 20 эмч нь л энэ эрүүл мэндийн салбарыг авч явах ёстой. Түүний тулд тэдгээр 20 эмчийн бусдаас ялгарч тодрох боломж нөхцөлүүдийг нь тавьж өгч байж , тэдгээр эмч нараа бүрэн дүүрэн ашиглана. Ингэж чадвал эрүүл мэндийн системийн асуудал ч цэгцэрнэ гэж харж байна. Түүний зэрэгцээ сургалтын асуудлаа ч эргэж харах хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтан бэлддэг арван хэдэн хувийн сургууль бий болсон. Төгссөн нэгэнд ажлын байрны баталгаа байхгүй. Дээр нь манай улс сувилагчгүй болчихсон. Гэтэл диплом барьсан, ажилгүй эмч нараар улс дүүрсэн байдаг. Эрүүл мэндийн систем өөрөө гажуудалд орсон учир түүнээс улбаалах хор хохирлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд ярих ёстой гэж би бодож байна.

-Биднийг хүүхэд байх үед эмнэлгийн тусламж гэж их ярьдаг байсан. Одоо бол эмнэлгийн үйлчилгээ гэдэг боллоо. Өөрөөр хэлбэл, бизнес гэдэг утга агуулга руу хэлбийж байна.

-Өрнөдийн эрүүл мэндийн систем арилжааны маягаар хөгжиж буй. Гэхдээ тэр нь зөв ёс суртахуун, зөв эрдэм мэдлэг дээр үндэслэсэн байдаг. Харин бид тэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сайн эмч бол сайн бараа бүтээгдэхүүнтэй ижил утгатай. Таалагдсан бол дахиад л сонгоно. Энэ бол үйлчилгээний алтан дүрэм. Монголд энэ алтан дүрэм гүйцэд хэрэгжихгүй байна. Эмч нараа ч гүйцэд ашиглаж чадахгүй байна.

-Бэлдсэн чадварлаг мэргэжилтэнээ гадагшаа алдаж байна. Сувилагч байхгүй боллоо гэж та дурдсан. Америк, Канад, Европын орон руу тэднийг бодлогоор гаргасан байна. Залуу эмч нар ч мөн гадагшлахыг зорих болсон. Залуу эмч гэхэд л сардаа 6-8 мянган еврогийн цалин буюу, жилийнхээ цалинг сардаа авч байна.

-Бидний л алдаа, урагшгүй байдал. Амьдрах , ажиллах ахуй ахуй нөхцөл нь дордохоор хүмүүс гадагшаа "дүрвэх" шийдвэр гаргаж байна. Солонгос руу сайн сайн эмч нар зөндөө явсан. Тэнд очоод хар бор л ажил гүйцэтгэдэг. Энд авдаг жилийнхээ цалинг гурван сарын дотор олчихож байгаа тэр сонголтыг хэн буруутгаж чадах вэ? Энэ мэт сэтгэдэг, чадвартай хэсэг нь гараад явчихаар салбар улам доголдож байна. Хууль эрхзүйн орчин маш муу, чадвартай нь яваад, тааруу нь үлдлээ. Монголын төр гэж байдаг бол үүнийг л бодлогын түвшинд хэлэлцэж, нэн даруй засаж залруулаасай. Улс төрийн шоу хийж, улс төрчийн хувьд оноо халааслах маягаар эмч нарын цалинг тавин хувиар нэмнэ, таван аппарат авч өгнө ч гэх шиг хандвал буруу.

Эрүүл мэндийн салбарт бас авилгал байна аа. Түүнийг таслан зогсооё. Хэлбэр нь сонин. Энэ тухай АТГ-аас хийсэн нэг өдрийн сургалтанд онцоллоо. Суманд төсөл нэрийн дор рентген аппарат, эхо, зүрхний цахилгаан машин аваачаад тавьчихсан. Зүгээр л өрчихсөн. Ямар ч ажиллагаа байхгүй. Хэн ч ашигладаггүй. Аргагүй шүү дээ. Нарийн мэргэжлийн эмч нар л түүнийг ашиглана. Тийм эмч тэнд байхгүй. Ийм л үргүй зардал гаргачихсан байх юм. Энэ үнэтэй, нарийн мэргэжил шаардсан өндөр үнэ өртөг бүхий төхөөрөмжийг сумын эмч авъя гэж хүсээгүй л байгаа юм. Наанаас нь аваачаад тараачихдаг юм билээ. Буруу систем, буруу бодлогын гай энэ. Эрдэнэт хотод гэхэд л Японы үйлдвэрийн том оношилгооны төв нээгдсэн. Тэнд ачаалал байхгүй, боловсон хүчин ч байхгүй. Эндээс хоёр гурван эмчийг ирээч гэж уриад, байр орон сууц өгье гэж амлаад дийлдэггүй. Тэр олон сая долларын үнэтэй орчин үеийн тоног төхөөрөмж сул хэвтэж байна. Ер нь Монгол шиг гуравхан сая хүн амтай улсад хоёр MRI аппарат байхад л хангалттай. Түүнийгээ л 24 цаг ажиллуулчих хэрэгтэй. Гэтэл нэг л их аппарат ярьсан улсууд болчихсон байна. Аппарат чухал биш. Түүний бичиж гаргаж ирсэнийг нь зөв тайлж унших чадвартай нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй. Эмч нарынхаа мэргэжлийн түвшинг тогтоож, мэргэжил мэдлэгийг нь байнга дээшлүүлэх шаардлагатай.Энэ бол аппаратаас илүү чухал. Эмчийн мэргэжлийн стандартын шалгалтаар шалгалтанд оролцогчдын 80 хувь нь тэнцэхгүй гэсэн дүн гарч ирсэн байдаг. Энэ бол аюулын, ослын дохио. Алдаагаа шалгалт авсан Анагаах ухааны хөгжлийн төв рүү чихэх буруу хандлага ажиглагдсан. Тэдгээр ажилтнуудыг тэнцүүлэхийн тулд 80-аас дээш байх ёстой босго оноог 70 -руу буулгаж байж тэнцүүлж байна. Энэ чинь л эрүүл бус байгаа юм. Явж явж энэ бүхэн аюулд хүргэх вий гэж болгоомжилж байна. Эмчийн шалгуур өндөр байх ёстой.

-Гажуудал их байна. Түүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ.

-Ерөөсөө л зах зээлийн харилцаанд шилжүүлэх. Өөрийнх нь жам ёсны хөгжлийн голдрилд оруулах. Эмчийн үнэ цэнийг мэдрүүлэх. Эрүүл мэндийнх нь үнэ цэнийг өөрсдөд нь ойлгуулах.

-Энэ сар өдрүүдэд Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.Хөлбөмбөг гэснээс, хөлбөмбөгийн баг чадварлаг менежерийн араас амь тавин хөөцөлддөг. Амжилтанд ч тэд нөлөөлж чаддаг. Яг түүн шиг гадаадын өндөр мэргэжлийн докторуудаас урьж авчраад, эхний ээлжинд Улсын гол гол Клиникийн эмнэлгийн даргаар тавьчихвал өөрчилж чадах бол уу?

-Азийн хөгжлийн банкны том төслүүд явдаг. Ашгаа өгч харагдахгүй байна. Эмнэлгийн даргаар тавихын оронд Анагаахын Их сургуулийн арван тэнхимийг таван жилийн хугацаагаар гадны зочин профессороор удирдуулахад босоод ирнэ. Тэд авлигад, ар өврийн хаалганд автахгүй. Оюутнуудыг алагчлахгүй сургаж, бодитоор дүгнэж, сайн эмчийн залгамж халааг бэлдэж чадна. Ингэж чадаж гэмээнэ,арван жилийн дараачаас чадвартай эмч нарын залуу халаа гарч ирж, гадагшаа яваад байгаа урсгалыг зогсооход нэмэр болох юм .

-Монголд эрүүл мэндийн бодлого явуулья гэхээр хоёрдмол удирдлага нэгэнт бий болчихсон гэсэн яриа бий. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нараа томилдог, хөдөө орон нутгийг хариуцдаг. Тэгтэл , Нийслэлийн эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн Яамтай зэрэгцэн оршиж байна. Тэр нь ЭМЯ-наасаа тусдаа хотын захиргааны мэдэлд байдаг. Тэгэхээр энэ нь бодлогын хувьд салан тусгаарласан шинжтэй байдаг гэж мэдэх хүмүүс хэлэх нь бий. 

-Тийм. Нийслэлийн захиргаа, аж ахуй гэдэг өөр юм руу хутгачихсан. Гажуудлуудын зүгээр нэг энгийн жишээ нь энэ. Аль ч улс оронд ийм тогтолцоо байхгүй. Нийслэлд хүн амын гуравны нэг амьдардаг. Ийм байж болохгүй.

-Гажуудалтай ч гэсэн Эрүүл мэндийн салбарт нэрлэчих сайн эмч нар бий. Шүдний, Нүдний, Бөөрний , Зүрхний , Эхогийн гээд. Хэн нэгнийг нэрлэ гэвэл? 

-Улаанбаатарт 50 гаруй зүрхний нарийн мэргэжлийн эмч байна. Тэднээс хуруу дарвал тав нь өнөөдрийн түвшинд миний сэтгэлд сайн гэж бодогдож байна. Найдвартай сайн гээд үзүүлэх эмч байхгүй биш байна. Ховор. Гэхдээ тэд маань ямар ч өрсөлдөөн, дэмжлэг байхгүй.

Манайд байгаа системийн аюул нь ийм чадалтай улсуудаа дэмждэггүй юм байна. Тэд нар нь чадалтай, өөрийн гэсэн мэдлэгтэй болоод ирэхээрээ дарга нарын аясаар хөдлөхгүй болдог. Дарга аль болохоор өөрийг нь дагаж намирдаг улсуудад дуртай. Эмч нь наадах чинь буруу байна, ингэдэггүй юм гээд дуугарвал “Энэ нөхөр яршиг удах нь байна” гэх хандлагаар сайн, маш үнэтэй эмчийг бодох юмгүй ажлаас халж байна. Үүнд л харамсдаг. Байгалиасаа өгөгдсөн сайн эмч гэдэг бол бидэнд ирсэн бэлэг шүү дээ. Тэр бэлгийг өөртэй нь тохирохгүй байна гэдгээр зүгээр нэг дарга халж байгаа нь эмгэнэл.

Нэгдүгээр төрөхийн маш чадалтай сайн эмч - Манай тасгийнхан намайг явна гэсэн чинь их гомдож байна. Бид таныг явахаар яана аа гэж байна. Би үлдэе гэхээр даргатай тохирохгүй юм. Дарга намайг үзэхгүй юм. Тэгээд аргагүйн эрхэнд ажлаа өгөөд Солонгост ажиллаж байна" гэж ярьсан. Нэрийг нь хэлээд яахав. Тэр сайхан ажиллаж, эндээс ч илүү цалин мөнгө авч, харьд үнэлэгдэж байна. Ингэхээр ийм өчүүхэн атаа хорсолын хор хохирол нь ард иргэдэд л тусаж байна. Сайн эмчээсээ үйлчилгээ авч чадахаа больж хохирсон. Тэгэхээр ийм бурангуй системийг бүхэлд нь задлах ёстой. Миний бодлоор эмнэлгийн байгууллагын удирдлагыг дотроос нь эмч, ажилтанаар сонгуульдаг тогтолцоонд нэн даруй шилжих цаг болсон. Хэнээр эмнэлгээ удирдуулах гэж байгаагаа бид өөрсдөө мэдэж буй цагт учир бий. Өнөөдрийн нөхцөлд, нам, засаг солигдох бүрт бүх эмнэлгийн дарга нар дагаад солигддог боллоо. Улс төрийн нам нь Яамныхаа сайдыг л мэдэг, эмч нар эмнэлгийн даргаа өөрсдөө мэддэг болдог тогтооцоонд хүрчихвэл эмнэлгээ аятайхан авч явахыг бодно шүү дээ. Одоо бол сайдад сайхан харагдахыг л бодно уу гэхээс өөр юм байхгүй. Гажуудал бүх эрэг шургандаа байна. Эрүүл мэндийн салбар нурчихлаа. Өөрийнх нь хөгжил, жам руу ойртуулья. Тэгэж байж арван жилийн дотор эрүүл мэнд дахин өндийнэ.

-Оюутолгой Монголын хөгжил гэж ярьж байгаа шиг эрүүл мэндийн салбарын асуудлыг тэр хэмжээнд ярих ёстой болж байна.

-Эрүүл мэнд, боловсрол хоёр Үндэсний аюулгүй байдлын үндэс нь. Монголын ард түмний сайн сайхан байх асуудал учраас Оюутолгойтой ч харьцуулашгүй. Иргэд бид эрүүл биетэй, эрүүл саруул гэр бүлтэй баймаар байна. Өнөөгийн систем тэр шаардлагыг хангахгүй байна. Ард түмэн гэдэг бол баялаг, өөрийгөө цэвэршүүлэх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх механизмтай. Улс төрийн нам болохоор үүнийг хийдэггүй юм байна. Нам ард түмнээс зүгээр коко авахыг л боддог. Хүн үнэгүй сул байгаа юманд дуртай учраас нам ард түмнийг үнэгүй юманд дуртай болгож, хөгжүүлэх, хуучин буурин дээр хоосон эргэлдүүлж байна. Манайд Клиникийн таван том эмнэлэг бий. Энэ таван эмнэлгийн ядаж гурвыг нь ил тодоор , шударга, зөв хувьчлах хэрэгтэй. Хувьчилбал өрсөлдөөд эхэлнэ, сайн мэргэжилтэн хайгаад эхэлнэ, сургаад эхэлнэ. Эрүүлжээд ирнэ шүү дээ.

-Орчин үед шинжлэх ухаан хөгжөөд эмч нар чагнуур зүүхээ больсон гэж ярьж байна.

-Зүрхний эхо гэхэд бүх урсгалыг, эзлэхүүнийг, агшиж байгаа чадварыг нь гээд үйлдлээр нь гаргадаг болсон. Гэтэл үүний хажууд чагнуураар түг, түг гэхийг чагнаад үзэх бол бараг арван хувьд нь ч хүрэхгүй. Шинжлэх ухаан маш өндөр хөгжчихөөд байна. Судсан дотор юм гүйлгээд хаана ямар хатуурал байгааг, хаана ямар шархлаа үүссэн, нарийсал байна уу гэхчилэн харж болдог болсон. Нанотехнологи, электроникийг дагаад техник технологи хөгжиж байна. Үүний дэргэд бидний түвшин болоогүй. Үүнд л би харамсдаг. Би өөрөө бол яахав ээ, дараа үедээ хийсэн бүтээснээ шилжүүлж өгөх байх. Харин залгамж маань надаас илүү хөгжиж, мундаг болоосой гэж хүсдэг ч өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг хараад эд нар маань яана даа гэж эмзэглэдэг.

-Боловсрол, эрүүл мэндийн салбарт чадвартай чадалтай хүмүүсээ тэтгэвэрт гаргадаггүй, улам ашигладаг улс орнууд байдаг.

-Систем нь зөв байвал тэгнэ шүү дээ. Гэтэл маш сайн мэргэжилтнийг дарга л баллаж байна. Баруун Европт төгссөн үнэхээр чадалтай хайран сайхан хүнийг явуулж байх жишээтэй. Хэрвээ би хувийн эмнэлгийн дарга сан бол тийм хүмүүсийг алтаар үнэлээд ч болов байлгана. Боломжийн цалин өгөхийг бодъё гээд үлдээнэ. Гэтэл улсын эмнэлгийнх болохоор цалин нэмэх ч үгүй, даргынхаа өөдөөс юм хэлэхээр буруудаад явахаас аргагүйд хүрээд байна. Хувийн эмнэлгийн эзэн бол “Миний энэ эмнэлэгт олон үйлчлүүлэгч ирэхэд сайн эмч ажиллах хэрэгтэй” гээд гуйгаад үлдээнэ. Олон үйлчлүүлэгч ирнэ гэдэг нь арилжааны юм шиг сонсогдовч, цаанаа Монголын ард түмэнд тустай. Гэтэл бид өдөрт 40 хүн үздэг. Барууны өндөр нарийн мэргэжлийн эмч нар 100 гаруйг үзэж байгаа. Тэр хэрээр цалин нь нэмэгддэг. Бидэнд уг нь тийм чинээний нөөц байгаа юм. Гэтэл бодит байдал дээр 40 хувь дээр нь л ажиллаж байна гэсэн үг. Барууны эмч нар өдөрт 100 гаруй хүн үзэхэд цалин өндөр учраас үзүүлж байгаа хүмүүст ч баталгаатай нотолгоотой оношилгоог хэлж өгөх ёстой болдог. Ерөөсөө дэлхийн хүлээн зөвшөөрсөн систем ингэж явдаг.

-Таны яриаг сонсоод байх нээ, Монголын эрүүл мэндийн салбар сүйрчээ. Галт тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм.

Сайн-Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Тоноогүй дээр нь буцааж, зам дээр нь тавихыг хичээх хэрэгтэй.

-Яг одоо Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болж байна, 32 баг тоглож байгаа. Баг болгон өөрийн эмчтэй. Эмч нь хамгийн өндөр цалинг авч байна. Тоглогч нар бол маш их үнэ цэнэтэй учраас ийм хүмүүсийг эмчлэх, зөв оношлох ёстой. Зөвхөн хөлбөмбөгийн баг дээр л ийм байна.Энэ сар өдрүүдэд Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Багийн хамгийн үнэ цэнтэй зүйл бол хөлбөмбөгчид. Тэр багууд тамирчныхаа эрүүл мэндийн баталгаа болгож, гаднаас хамгийн сайн эмчийг хамгийн өндөр үнээр авч байна.

-Ард түмэн ухаалаг. Та сайн эмчтэй таарвал хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Эмч, иргэний хооронд итгэлцлийн харьцаа үүсдэг. Америкийн зохиолч Теодор Драйзерийн хамгийн үнэ цэнтэй хүн нь түүний хувийн эмч байсан тухай намтраас нь уншсан. Тиймээс сайн эмч гэдэг өөрөө нийгмийн үнэ цэнэ юм. Зах зээл хөгжсөн оронд хамгийн сайхан, хангалуун амьдрал олгодог мэргэжил бол эмч, хамгийн хангалуун амьдардаг хүмүүс бол эмч. Монголд сайн эмч үнэ цэнээ мэдрэх нь бүү хэл байна шүү дээ. Тиймээс л хөгжлийн зүй ёсны голдрилд оруулах нь зөв гэсэн байр суурийг би баримталдаг.

Угаасаа хамгийн үнэтэй  капитал бол эрүүл мэнд шүү дээ. Стиб Жобс нас барахынхаа өмнө хэлсэн байсан. -Ерөөсөө л эрүүл байх асуудал ямар ч зүйлээс илүү юм байна. Би маш их бизнес хийсэн. Өөр хүнээр машинаа жолоодуулж болох ч өөр хүнээр өвчнөө үүрүүлж болдоггүй юм байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг тийм үнэ цэнэтэй.

-Эмч хүний тухай тодорхойлолт хэлбэл.

-Эмч хүн бол байгалиасаа өгөгдсөн хамгийн ухаалаг, сэргэлэн, зөв сэтгэлтэй, хүний төлөө гэсэн тийм хүмүүс байх ёстой. Гэтэл ийм сайхан улсуудыг өнөөдрийн байдалд оруулж байгаа улс төр гэдэг юм хурдан өөрчлөгдөөсэй л гэж хүсч байна.

-Таны яриаг сонсоод байх нээ, Монголын эрүүл мэндийн салбар сүйрчээ. Галт тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм.

- Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Тоноогүй дээр нь буцааж, зам дээр нь тавихыг хичээх хэрэгтэй.

-Батболд эмч таныг цаг заваа гарган хүрэлцэн ирж, Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын тухай илэн далангуй ярилцсанд туйлаасаа талархая. Тан шиг ийм зөв бодолтой эмч нар бий гэдэгт итгэж байна. Таныг эрүүл мэндийнхээ манаанд он удаан жил ажиллаж, биднийгээ гийгүүлж байхыг хүсье. Таны санасан бодсон үтэр түргэн биелэх болтугай!

-Баярлалаа, үзэгч, уншигч тань одноос олон байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ дэвшүүлье. 

 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, 2018. 07.05-ны өдрийн N 135 дугаар.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Багшаа сайхан ярилц**** өгчээ. амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье 2018-08-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?