Т. Доржханд: Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй, төсвийн ачаалалтай байгаа үед үүрэггүй албан тушаалуудыг цомхотгож өгөөч

2020-07-02  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудал хэлэлцэгдэж өндөрлөлөө.

Зөв Хүн Электорат эвслээс УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүн Т. Доржханд гурван асуудлыг дэвшүүлэн үг хэлэв.

“Үндсэн хуулийн хүрээнд ажиллах анхны Ерөнхий сайд болсонд баяр хүргэж амжилт хүсье. Багаа өөрөө мэдэж бүрдүүлэх боломжтой, маш хариуцлагатай, цаашдаа дараа дараагийн сайд нарт жишиг болох түүхэн цаг үе гэж харж байна. Өмнөх ерөнхий сайд нарт ийм боломж олддоггүй байсан. Ийнхүү та өөрөө Засгийн газраа бүрдүүлэх болсон тул 3 зүйл захимаар байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг маш цомхон, чадварлаг болгомоор байна. Үүний хүрээнд хамгийн эхэнд хийх ажил бол технологийн шинэчлэл. Засгийн газрын төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг нэн даруй зохион байгуулж өгөөч. Уг ажлын хүрээнд Технологи Иннофацийн Яамыг бүтэцдээ оруулж өгөөч хэмээн хүсэж байна.

Хоёрдугаарт Ерөнхий сайд та Засгийн газраа өөрөө бүрдүүлж байгаа учир Засгийн газрын гишүүд маш мэргэжлийн, сайн баймаар байна. 2016 оны алдааг давтмааргүй байна.   Ялангуяа Ковид-19-ын хямрал, хар, саарал жагсаалт, ирж буй бондуудын төлбөр, төсвийн алдагдал гэх мэт маш олон бэрхшээл, сорилттой Засгийн газрыг хүлээн авч байна. Иймд санхүү, эдийн засаг хариуцсан сайд нь маш мэргэжлийн, туршлагатай, шинэчлэлийг зоригтой хийж чаддаг баймаар байна. Хамгийн орхигдсон салбар бол Боловсрол, Эрүүл Мэндийн салбар. Үеийн үед мэргэжлийн хүн томилогдоогүйгээс болоод эдгээр салбаруудад шинэчлэл хийгдэхгүй байгаа. Тиймээс энэ хоёр салбар дээр мэргэжлийн, маш зоригтой, шинэчлэлээ хийх боломжтой, ачаагаа үүрэх чадвартай залуусыг томилооч хэмээн хүсч байна.

Гуравдугаарт, дэд сайд нар, агентлагийн дэд дарга нар, дарга нарын зөвлөхүүд, газрын дэд дарга нар гэх мэт бүтцийн хувьд үүрэггүй, үр ашиггүй албан тушаалуудыг цомхотгож өгөөч. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй, төсвийн ачаалалтай байгаа үед үүрэггүй албан тушаалуудыг хасаж өгөөч хэмээн хүсэж байна.

Эцэст нь хэлэхэд, олон жил яригдсан боловч 2020 оноос хойш санхүүгийн салбарт реформ хийгдсэнгүй. Ялангуяа банкны салбарт уг асуудлыг маш зоригтойгоор бариад авчих мэргэжилтнүүд байхгүй байна. Тийм учир банкны салбарын реформ хиймээр байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт тусгагдсан байгаа шүү дээ. Дэлхийн олон улсууд уг хөтөлбөрийн хүрээнд реформоо амжилттай хийж чадсан байдаг. Гэтэл энэ реформ гацчихаад байна. Санхүү, хөрөнгийн зах зээл, даатгалын хүрээнд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Үр дүнд нь авилгын систем яваад байна шүү. Блокчейн гээд технологи гараад ирчихсэн.  Уг технологи дээр үндэслэн хөрөнгийн болон дотоодын бондын зах зээлийг маш хурдан идэвхжүүлэх шаардлагатай байна.

Хүрэлсүх сайд аа, Засгийн газар нь улс төр, бизнесээс ангид байсан улсууд л хөгжсөн байдаг. Таны хувьд ийм түүхэн үүрэг хүрч ирлээ хэмээн харж байна. Бизнес, улс төрийн эрх ашгаас Засгийн газраа хамгаалж үлдэх нэр төртэй үүргийг хүлээн авч ажиллаач хэмээн хүсэлт гаргаж байна.”

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1111:дажгүй шүү. зөв л асуудлыг хөндөж тавьсан байна. доржханд аа. энэ л жанчин чиг санаагаа бүү алдаарай 2020-07-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?