МОСКВА ХОТ ДАХЬ ХЭЛМЭГСДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

2020-09-11  

 Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын “Коммунарка” дүүрэгт байрлах Үнэн алдартны сүмийн цогцолборт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөөнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Хасар болон бусад дипломат, ажилтнууд өчигдөр цэцэг өргөж, гүн хүндэтгэл илэрхийлэв.

Энэ үеэр Элчин зөвлөх Д.Хасар тус үнэн алдартны сүмийн хамба ламтай уулзаж, бидний өвөг дээдэс нойрсож буй энэ газрыг хамгаалалтдаа авч, арчлан тордож байдагт талархал илэрхийлэв.

Тус газрын хашаан доторх самбарт “...ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын тусгай объект “Коммунарка” нь Москвад хэлмэгдэгсдийг олноор нь буудаж оршуулсан алдартай таван газрын нэг нь. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Г.Г.Ягодаг 1937 онд баривчилсны дараа түүний “Коммунарка” зусланг Дотоод хэргийн ардын комиссариатын мэдэлд шилжүүлж, ялтнуудыг булшилдаг газар болжээ. 1937 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 1941 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тус газар 6609 хүнийг булшилсан юм. Энд булшилсан хүмүүсийн ихэнх нь ЗХУ-ын болон холбоотон улсуудын төрөл бүрийн удирдах албан тушаалтнууд, цэргийн удирдагчид, дипломатууд, тагнуулчид, үйлдвэрийн захирлууд, сонины ерөнхий редактор, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэд, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүс байдаг.

Энэ газарт буудуулж амиа алдсан хэлмэгдэгсдийг 1938 он хүртэл олноор булшилж байсан бол 1939 онд эрс цөөрч, 1940 онд тус газар хэлмэгдэгсдийг булшлаагүй байна. Харин дайн эхэлсний дараахан буюу 1941 оны 7-р сарын 27, 28, 30-нд 513 хүнийг хороон булшилжээ. Зөвлөлтийн засаг нурах хүртэл “Коммунарка” нь төрийн аюулгүй байдлын байгууллагуудын хамгаалттай тусгай обьект хэвээр байсан бөгөөд тус газарт хэлмэгдэгсдийг булшилсан нь 1991 онд л олон нийтэд ил болсон юм. Тус газрыг 1999 онд Холбооны аюулгүй байдлын мэдлээс Оросын үнэн алдартны шашны сүмийн мэдэлд шилжүүлж 2007 онд ойр орчимд нь дахин шинээр сүмүүд барьсан юм. Олон нийтийн “Мемориал” хөдөлгөөний санаачилгаар олон орны сайн дурынхан тусгай обьектын ойр орчмыг цэвэрлэж, засаж янзалсан. Одоогийн байдлаар мянга мянган хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд олон арван жилийн турш ор сураггүй байсан өөрсдийн өвөг дээдсийн нойрсож буй газар ирэх боломжтой болсон. Жил бүр Москвагийн хэлмэгдэгсдийг цагаатгах комиссын дэмжлэгтэй хэлмэгдэгсдийг дурсах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг” гэж дурсан бичжээ.

Энэхүү газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монголчууд нойрсож байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?