АНУ-ын “Moderna” биотехнологийн компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд туршихад аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан тус компани АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт /FDA/ ирэх сард хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна.
“Moderna” компанийн мэдээлснээр, туршилтад 12-17 насны 3700 гаруй хүүхдийг хамруулахад тэдэнд насанд хүрсэн хүмүүсийнхтэй ижил дархлаа үүсэж буй нь ажиглагдсан бөгөөд тариулсан хэсэг хөндүүрлэх, толгой өвдөх, сульдах зэрэг ижил зовуурь илэрч буйг тогтоожээ.
“Манай компани туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Ирэх зургаадугаар сарын эхэн үеэр Хүнс, эмийн хяналтын газар тэргүүтэй бусад улс орны эмийн байгууллагад зөвшөөрөл авах хүсэлтээ гаргана” гэж “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель мэдэгдэв.
Энэ сарын эхээр “Pfizer-BioNTech” компанийн вакциныг АНУ, Канадад өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөөр ийм зөвшөөрөл авсан анхны вакцин болсон юм. Мөн Европын Эмийн агентлаг /EMA/ уг вакцинд 12-17 насны хүүхдүүдийг хамруулах талаарх үнэлгээг хийж байна.
Мөн “Pfizer”, “Moderna” компанийн аль аль нь одоо зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдэд вакцинаа туршиж байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүмүүсийнхтэй ижил тунг тарьж туршсан бол бага насны хүүхдүүдэд бага тунг хийх тул энэ нь илүү нарийн төвөгтэй туршилт болох ажээ.
Судлаачид бага насны хүүхдүүдийг хамруулж буй туршилтынхаа үр дүнг энэ оны эцсээр үзнэ хэмээн найдаж байна.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/