Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 298 шинэ тохиолдол илэрсэн нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 189 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. 186 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 112 нь шинж тэмдэггүй тээгчид аж.
Нийтлэгдсэн статистик мэдээллээс харахад сүүлийн долоон хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өдөрт дунджаар 5.7 хувиар нэмэгдэж, 2098 болжээ. Тэдний 18-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Харин шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоо 2872-т хүрсэн байна.
Хятадын эх газарт цар тахал дэгдсэнээс хойш 108 300 хүн дахин халдвар авчээ. Үүнд шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоог оруулаагүй байна. Хятадад ковидын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш бүртгэгдээгүй байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4636 хүн нас баржээ.
Хятадын бүс нутгуудаас тус улсын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны зарим хот, мөн Ляонин (зүүн хойд) болон Жянсу (зүүн) мужуудад халдварын нөхцөл байдал илүү хүнд байна. Нийслэл Бээжин хотод хэсэг намжсаны дараа өвчлөл дахин гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадад халдварын байдал нэгдүгээр сарын хоёрдугаар хагасаас хоёрдугаар сарын дунд үе хүртэлх хугацаатай харьцуулахад илүү хүндэрсэн байна. Халдварын өндөр эрсдэлтэй суурьшлын бүсийн тоо долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдэж, 58-аас 164 болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 31 нэгжийн 19-д нь дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/.