Англи 1 :1 Орос. Энэ тоглолтын өмнө хоёр талын фанатууд зодолдсон тухай, аль аль талаас нь 1 хүн хүнд бэртсэн, үхлүүт байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 1 : 1 харьцаатай өндөрлөсөн тоглолтын дараа Оросын хөгжөөн дэмжигчид танхайрсан. Тоглолт дуусангуут, Англичуудыг түрүүлж гарахыг, Оросуудыг төгсгөлд нь гарахыг зарласан. Энэ бол хоёр багийн улайрсан дэмжигчдийг мөргөлдөхөөс сэргийлдэг энгийн л нэг туршлага. Гэтэл Оросын хөгжөөн дэмжигчид Английн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн талбай руу давшлан орж, томоохон мөргөлдөөн үүсгэсний улмаас 4 хүн хүнд бэртсэн тухай ИТАР ТАСС мэдээллээ.
ОУХБХ энэ асуудлыг авч хэлэлцэж, ямар шийтгэл оноосноо мягмар гарагт мэдээлэх болов. Ямар ч гэсэн танхайрсан этгээдүүдийг шоронд хорих нь, торгох нь тодорхой болсон байна. Оросын фанатуудын зүгээс ийм зэрлэг харгис үйлдэл дахин гаргах аваас Оросын хөлбөмбөгийн шигшээ багийг Евро-2016-аас хасна гэж ОУХБХ мэдэгдлээ.
Энэ асуудлын талаар, Оросын спортын сайд ч, өөрийн хөгжөөн дэмжигчдээ буруутгасан бол, Оросын хөлбөмбөгийн шигшээгийнхэн
-"Хөгжөөн дэмжигч Та бүхэндээ баярлалаа. Та нар дэмжээгүй бол бид нар яаж ч чадахгүй байсан. Та бүхний дуулсан Катюша дуугаар бид зоригжиж, урагшаа тэмүүлж байсан" гэж талархлаа илэрхийллээ. Оросоос нийтдээ 12 мянган дэмжигчид Францад ирээд байна.
Ц.БАТТУЯА