Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа. Зөвлөл нь БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “1 хот-1 агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлж ажиллахаар боллоо. Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой юм.