Х.ТУЯА: ХӨЛДӨЛТ БОЛ МАШ ЭРСДЭЛ ИХТЭЙ, ЭДГЭШГҮЙ ГЭМТЭЛ

2022-12-19  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Х.Туяатай ярилцлаа.


-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хөлдөж, осгож тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу, танай эмнэлэгт өдөрт хэд орчим хүн үйлчилгээ авч байна вэ?

-Манай эмнэлэг дээр өдөрт амбулаториор дунджаар 20 гаруй, ихдээ 30-40 хүн, яаралтай тусламжаар 15-20 хүн гэж тооцоход хоногт яаралтай тусламжийн тасгаар түлэгдэж, хөлдөж, осгосон оноштой 45-50 орчим хүн эмчилгээ, үйлчилгээ авч байна. Өнгөрсөн жилүүдэд эдгээр хүмүүсийн тал хувь нь осголт, хөлдөлт оноштой байсан бол энэ жил үүний талаас илүү хувийг эзлэх болсон нь огцом хүйтэрсэнтэй холбоотой.

-Хөлдөж, осгосон оноштойгоор үйлчилгээ авч буй хүмүүс хэд орчим насныхан байна вэ?

-Хөлдөж ирж байгаа хүмүүсийн ихэнхийг хүүхдүүд эзэлж байна. Чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөх тохиолдол түгээмэл байна. Хүүхдүүд мэдэхгүй нойтон гартай явж байгаад хөлдөж байна, нойтон байх тусмаа хурдан хөлддөг. Мөн орон гэргүй хүмүүс маш их осгож, хөлдөж ирж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд тасагт 55 хүн байгаагаас ес нь орон гэргүй хүн байна. Орон гэргүй есөн хүний долоо нь хөлдөлттэй. Тэдний эрчүүд нь ихэвчлэн согтуу байдаг. Яаралтай тусламжаас гадна ажиглах, амилахуйн өрөө гэж бий. Энэ нь амь нас эрсдэлд орсон хүнд анхны тусламж үзүүлдэг өрөө. Тэр өрөөнд өдрийн цагаар согтуу хүн ороод шулуухандаа эрүүлжээд гарч байна. Шөнөдөө бол байнга 1-2 хүн хонож эрүүлжигдээд, цаашилбал эмчилгээнд орж байгаа.

-Осголт, хөлдөлт хоёрын ялгааг тайлбарлаж өгөөч?

-Осголт гэдэг нь бүтэн бие даарч хөрөөд дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Хөлдөлт нь удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг хатуу болж хөлдөнө. Орон гэргүй согтуу хүмүүс осгоод хөл, гар нь хөлдчихсөн ирж байна. Орон гэргүй хүмүүсийн асуудал маш хэцүү байна.

-Хэдэн градусын хүйтэнд хүний бие хөлддөг юм бэ?

-Хүний биеийн температур 36, 37 градус. Харин даарч бээрээд шулуун гэдэсний халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж, таталт өгөн үндсэндээ эргэшгүй процесс явж хүний амь насанд аюул учирдаг.

-Тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн хөлдөлтийн зэрэг ямар байна?

-Хүүхдүүдийн чих, хуруу, гар бол нэг, хоёрдугаар зэргийн хөлдөлт. Цайж, улайж, цэврүүтсэн байдаг. Анхны тусламжийн хувьд гүн, өнгөц хөлдөлт ялгаатай. Нэг, хоёр хоногийн дараа клиникээр ямар өөрчлөлт гарах вэ гэдгээсээ бас шалтгаална. Хөлдөлт маш их өвдөлттэй байдаг. Харахад арьс нь цайчихсан, цэврүүтэхээрээ гүн хөлдөж байна гэсэн үг. Гүн хөлдөж цэврүүтсэн бол цэврүүг яаран хагалж, арьсыг нь хуулах хэрэггүй. Бохир орох эрсдэлтэй. Цэврүүг бага зэрэг хагалж усыг нь гаргаад арьсыг хуулалгүй үлдээх хэрэгтэй, цэврүүтээгүй хатуу байвал тэр дор нь архи, цэнхэр спиртээр ороож болно. Тэр хэсэг газрын судас тэлэгдэж цусан хангамж сайжирна. Хөлдүү мах шиг хатуу болж хөлдсөн үед иллэг хийж болохгүй, нэмж гэмтэл учруулах аюултай байдаг. Дулаацуулаад эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүмүүс маш болгоомжтой, дулаан хувцаслаж явахгүй бол мэдэхгүй явж байгаад хөлдчихсөн ирж байна.

-Хөлдөлтийн хэдэн зэрэг байдаг юм бол?

-Хөлдөлтийг дөрвөн зэрэг болгож ангилдаг. Гүн хөлдөлт бол ямар ч авралгүй зүйл. Гүн түлэгдлээ гэхэд түлэгдэж үхэжсэн хэсгийг нь аваад булчин махаар нөхдөг ч юм уу түлэгдсэн мөчийг яаж ийж байгаад тодорхой хэмжээнд аваад үлдчихдэг. Харин эд тас хөлдчихвөл үхжээд л дуусдаг. Хөлдөлтийн нэгдүгээр зэрэг нь цайж хүйт оргиод хорсож чинэрдэг. Хоёрдугаар зэрэг хавдаж улайгаад, мэдээ алдаж цэврүү үүснэ. Гуравдугаар зэрэг мөн л цайж цэврүүтээд, цэврүүний дор хөхөлбийтөж улаан хүрэн болоод ихээр хавдаж чинэрч өвдөнө. Дөрөвдүгээр зэрэг бол хөлдөөсөн мах шиг тогшиход дуугарч хатуу болж хөлдсөн байдаг. Эмчилгээний зарчим нь тухайн хэсэг газарт бүлээцүүлэх, цэврүүтэж шарх үүсвэл шархыг нь боож эргэж сэргэхийг нь хүлээгээд үхэжсэн эдийг тайрж авах мэс засал хийдэг. Хөлдөлт бол маш хөнөөлтэй, эрсдэл ихтэй, эдгэшгүй гэмтэл юм. Хоёрдугаарт дэлхийд хөлддөг газар цөөн. ОХУ, монголчууд, канадууд л байна. Тиймээс энэ талаар дэлхий нийтийг хамарсан нэгдсэн судалгаа, эмчилгээ ховор, тэгээд ч эд үхэжчихвэл эмчилгээ тайрах мэс заслаар л дуусдаг.

-Хүмүүс интернэтээс зөвлөгөө хараад түлэгдсэн хэсгээ хүйтэн усанд дүрсэн, мөсөөр жин тавьсан гэдэг. Энэ зөв арга хэмжээ мөн үү?

-Хөлдөөд хуруу гарын судас агшчихсан байхад дахиад хүйтэн мөсөөр жигнэхээр өнөө судас маань бүр удаан хугацааны агшилтын байдалд орж цус гүйхгүй болсноор өөрийнхөө эдийг үхүүлэх аюулд хүргэж байна. Бээрч хөлдсөн мөчийг шууд халуун усанд дүрж болохгүй. Бага зэрэг хүйтэн усанд дүрээд бага багаар халуун усаа нэмж биеэ дасган халуун усанд бүлээцүүлж дулаацуулна.

-Гүн хөлдсөн үед ямар анхны тусламж үзүүлэх вэ?

-Биеийнх нь нэг хэсэг хөлдчихсөн байхад тэр хүний бие дулаан байна гэж байхгүй. Хүнийг дулаан байранд оруулж бүтэн биеийг нь дулаацуулах хэрэгтэй. Хөлдсөн хэсгийг барьж үзээд оношлох гэж хичээнэ. Хүйтэн бүлээн усанд дүрээд усны градусаа бага багаар нэмж халуун бүлээн усанд дүрж гаргаж ирээд өнгөц хөлдөлт байвал судас тэлэх зорилгоор спирттэй боолтоор бооно. Хэрвээ цэврүүтэж арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж шарх үүсвэл шархны тос түрхээд боолт хийнэ. Хөл, гарыг боохдоо хуруунуудыг нь салгаж, сарвайлгаж бооно. Нийлүүлээд боочихвол дарагдаж цусан хангамжийн асуудал үүснэ.

-Хүйтний улиралд хүмүүс хөлдөлт, осголтоос сэргийлэхийн тулд хэрхэн хувцаславал зохистой вэ?

-Хөдөө явахдаа машиндаа дулаан хувцас авч явах, хүйтний улиралд давчуу гутал өмсөх хэрэггүй. Дулаан байхаас гадна биед эвтэйхэн чөлөөтэй байх ёстой. Хүмүүс өөрсдөө анзаарахгүй гутал нь хавчиж барьсаар байгаад хөлөө хөлдөөчихдөг.

-Ямар хүмүүс хамгийн амархан хөлддөг вэ?

-Захын судасны цусан хангамж муутай хүмүүс амархан хөлддөг. Тамхи татдаг, захын судас нарийсах өвчтэй, хоол унд муу иддэг, дархлаа султай хүмүүс. Гар, хөлийн хурууны үзүүр, өсгий, хацар, хамрын үзүүр, чихний дэлбээ хамгийн амархан хөлддөг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?