ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ ЁСЛОЛ

2016-02-06  

Монголчууд эрт үеэс гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн олон найр наадам дунд хүүхдийн нялх үс буюу даахь үргээх ёслолд гойд ач холбогдол өгдөг байсан нь одоо ч бидэнд уламжлагдсаар иржээ. Хүү хүүхдийг 3,5 буюу сондгой насанд буга урамдах цагаар (намар), охин хүүхдийг 2,4 насанд нь буюу хөхөө донгодох цаг (хавар) даахийг нь үргээдэг байна. Өдөр сонгохдоо хүүхдийн нас, жил, төрсөн гаригийн ивээл өдрийг сонгож ах дүү, хамаатан саднаа цуглуулж найр наадмыг сайн цагт сонгон эхлүүлдэг байна. Даахь үргээлгэж байгаа хүүхдэд шинэ дээл хувцас өмсгөж гоён, ивээл жилтэй хүнээр даахинд эхэлж хүргэнэ. Даахинд хүрч байгаа хүнд ариун цагааны бэлгэдэл сүү амсуулж, хар хороос хамгаалах дом болгож модон хутгаар хүүхдийн баруун шанаанд хүрч хадаг уясан шинэ хурц хайчаар (зарим нутагт хуучин үйлийн хайчаар ч хүрдэг гэсэн яриа бий) хэсэг үс аван, уг үсээ хадагны үзүүрт уяж хадгална (энэ хадгалсан үс нь зарим тохиолдолд эмчилгээний дом болох нь бий.) Даахинд хүрсэн хүн хүүхдийн ирээдүйн сайн сайхныг зөгнөж ерөөлийн сайхан үгээр ерөөж, халзан цагаан хонь амладаг учиртай. Энэ нь орчин цагт хүүхдийг баярлуулах тоглоом наадгай, чихэр амттан болжээ. Энэ мэтчилэн ах дүү садангууд бүгд даахинд хүрч, холын зочинтой бол хөхөл даахь үлдээж үлдсэн үсийг нар шингэхээс өмнө гүйцэд авдаг юм байна. Даахь үргээх ёслолын үеэр архи дарс хэрэглэдэггүй харин малын шим айргаа сөгнөж болох бөгөөд идээ ундааны хувьд гойд цээрлэх зүйл байдаггүй ч, ирсэн зочиндоо аль болох шинэ соргог идээ ундаа барьдаг бөгөөд цагаалга зайлшгүй хийдэг. Харин битүүлгийг нутаг нутгийн онцлогоос хамаарч тавих эсэхээ шийддэг байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?