БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гарагт тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр шийдвэр гарсан тухай мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллээр БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг тус улсыг сайн дураар орхин гарвал дараа дахин нэвтрэхэд ямар нэгэн хориг тавихгүй тухай дурьдсан. Тус шийдвэрийн дагуу Солонгост хууль бусаар амьдарч буй гадаадын иргэд 4 сарын 1-нээс эхлэн 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдэг нь баталгаатай мэдээлэл гэдгийг Монгол Улсын ГХЯ-наас бататгасан байна. Манай улсын хувьд БНСУ визний нөхцлөө хөнгөлснөөс хойш 6000 гаруй Монгол Улсын иргэн тус улсад “харласан” тоо баримт байгаа юм.
Энэхүү шийдвэрийн хугацаанд гараагүй хууль бусаар амьдарч буй иргэдийг 10 дугаар сарын 1-нээс эхлэн бичиг баримтыг нь эрчимтэй шалгаж, албадан гаргах үйл ажиллагаа явагдах тухай эх сурвалжууд мэдээлжээ. Энэ мэдээлэл ч үндэслэлтэй бөгөөд энэ үеэр саатуулагдсан иргэдийн тус улсад нэвтрэх эрхийг 5 жилийн хугацаатай хасах юм байна. Мөн тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.
Х.АЯЛГУУ