Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон жил бүр зохион байуулдаг "Болор цом" яруу найргийн наадам эхэллээ.
Наадамд шилдэг 27 найрагч бүтээлээрээ өрсөлдөж байна. Энэ жил Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцож байгаараа онцлогтой.
Болор цом наадамд Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид,төрийн соёрхолт, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар зэрэг олонд алдаршсан уран бүтээлчид мялаалга шүлэг уншсан байна.
Утга уянга, гоо зүй, хүний сэтгэлийн нарийн чанадыг хөглөдөг энэ наадмыг анх 1983 онд ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилж зохион байгуулсан бөгөөд “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ. Наадмын тэргүүн байр, айргийн тавын эзэд өнөөдөр үдээс хойш тодорно.
"Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадмыг Говьсүмбэр аймгийн иргэд болон хүссэн хүн бүр үнэ төлбөргүй үзэж байна.