Багш минь теннисний тѳлѳѳ тѳрсѳн хүн байсан юм. Тэр сүүлчийн мѳчийг хүртэл хүүхэд залуучуудад теннисээ зааж байгаад амьсгалаа хураалаа. Хэдхэн хоногийн ѳмнѳ Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, ѳнѳѳдѳр 'Оч" клубын зааланд хичээлээ зааж байсан багш маань бурханы оронд заларчээ. Гунигтай байна, багшийнхаа тухай" байсан " гэж бичихэд.
Миний багш Дэлгэрбуян гэж бичихэд гар хуруу нэг л хѳдѳлж ѳгѳхгүй байна. Учир нь багшийгаа бид хэзээ ч бүтэн нэрээр нь дуудаж байгаагүй юм байна. Дээгий багш, Дээгий багш аа л гэнэ. Дээгий багш маань Москва хотод Биеийн Тамирын Дээд Сургуулийг 1980 оны сүүлчээр ширээний теннисний багш- дасгалжуулагчаар төгссөн цорын ганц мэргэжилтэн байсан. Тухайн үед тамирчид нийгэмлэгүүдэд хуваарилагддаг, Алдар, Хүч, Хөдөлмөр, Найрамдал, гээд олон нийгэмлэг байсны томоохонд нь Хоршоолол ордог байсан. Дээгий багш маань Хоршоолол нийгэмлэгийн багш -дасгалжуулагчаар ажиллаж байхад нь би шавь орсон. Гэхдээ би улсын аварга, Барилгачин нийгэмлэгийн дасгалжуулагч багш Батхишиг ахаар ( улсын аварга Билэгтийн аав) теннисний “А” үсгийг заалгасан байсан үе.
Дэлгэрбуян багш шавь Я.Бэгз, С.Далбадрахын хамт
Батхишиг багш маань намайг нэг өдөр Хоршоолол клуб руу дагуулж очин, – Энэ хүүхдийг сайн теннисчин болгоорой гэж Дээгий багшид захиж, бидний багш шавийн холбоог анх тавьж өгч билээ. Тэр цагаас хойш би Хоршооллоор овоглож, Дээгий багшийнхаа шавь болсон. Дөлбадрах, Ган-Эрдэнэ, Батсайхан, Батаа, Даваадорж, Батбаатар, Лхагвадорж, Энхсайхан, Ариунболд, Бэгз гээд олон шавь Дээгий багшаараа овоглодог. Ган-Эрдэнэ улсын аваргаас хошой мөнгөн медаль авч байсан бол Энхсайхан нэг удаа, Бэгз нар улсын хошой аварга болсон нь багшийн ач гэж шавь нар нь үздэг.
Ахмад шавийн нэг Бэгз олон улсын хэмжээний мастер цолонд хүрч, нас нь ахисан ч амжилт нь буураагүй хэвээр гэж теннисчид үнэлэхийг сонсоход таатай байдаг. Шавь Энхсайхан 2017 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай тоглож, багаараа түрүүлсэн. Миний бие ч 2015, 2016 онд улсын аваргад финалдаж, 2017 онд Холбооны цомын аварга, 2017,2018 оны УАШТ-д түрүүлсэн. Багш маань онол давамгайлсан сургалтыг явуулж ирснээрээ бусдаасаа ялгарч, маш сайн суурь тавьж байжээ гэж би эргэцүүлэн боддог. Шавь нартайгаа энгийн харьцаатай. Заримдаа найз нөхөд юм шиг л үзнэ. Харин тамирчны амжилт бол дуслуулсан хөлс, тогтмол бэлтгэл гэж хэлэх, сургах дуртай. Ширээнээс ухрах, хамгаалж тоглохыг дэмждэггүй. Тиймээс ч ухрах зайгүй ширээгээ засчихаад, хүүхдүүдээ хооронд тоглуулж, тэмцээндэж, сүүл мушгисныг нь нэмэлт бэлтгэлээр “торгоно”. Ухрахгүй тоглолтыг улсын аварга Энхсайхан бидэн дундаасаа илүү үзүүлдэг. Бодоход Дэлгэрбуян багш маань шавь нартаа урам өгч дэмжин, тамирчин бүрт таарч тохирсон хувьчилсан бэлтгэлд их анхаардаг байжээ.
Дэлгэрбуян шавь Бэгз, хамтрагч Болд нарын хамт Сөүлд
Нэг хэсэг багш маань Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар үр дүнтэй ажилласан. Нэг нийгэмлэг биш, нийт теннисчидийн төлөө чадах мэдэх бүхнээ зориулсанд нь теннисчид талархдаг. Түүнийгээ өгснөөс хойш хүүхэд сургах ажилдаа эргэн орсон.Багш маань мэргэжлээрээ Биеийн Тамирын Дээд Сургуульд багшилж байв. Монголын Ширээний Теннисний Холбооны 60 жилийн ойн босгон дээр төрдѳѳ үнэлүүлж Алтан гадас одонгоор шагнуулж байсанд нь Дэлгэрбуян багшаасаа илүү шавь нар нь баярласан.
Ѳнѳѳдѳр шавь нар нь уйтгарлаж байна.
Багш маань биднийгээ орхин оджээ.
Багшийг минь тэнгэр таалан хүлээн авах болтугай.
Шавь нарыг тѳлѳѳлж Я.БЭГЗ ( Улсын дѳрвѳн удаагийн аварга, ОУХМ, Холбооны 2004, 2015, 2017. 2019 оны цомын аварга, Дэлгэрбуян багшийн шавь)