Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)

2019-12-06  

Миний аав Чүлтэмийн Ядмаад чадахгүй спорт байгаагүй. Сагс, гар бөмбөг, тэшүүр, цана, чөлөөт бөх, ширээний теннис, шатар, даам, биллиард, шагайн харваа, хөнгөн атлетик гээд бүгдэд нь жигд сайн. Бүх төрлөөр нь спортын зэрэг хүртсэн гэхээр тунчиг спортлог хүн байсан байж таарна. Дүү бид хоёр аавыгаа дагаж дуурайн спортод элэгтэй өссөн. Хожим ширээний теннисээр хичээллэж эхлэхэд аав минь дэмжиж, урамшуулж, бүр мэддэг зүйлээ өөрөө заадаг байсан. Ээжийг минь Л.Баасанхүү гэнэ. Төмөр замын депод насаараа няравын ажил хийсэн үг дуу цөөтэй, даруухан эмэгтэй байсан. Бид тавуулаа. Гэр бүлийн хамгийн хүндтэй гишүүн -Баасан эмээ маань 93 насалсан, тун хөнгөн шингэн, дүү , бид хоёрыг хүмүүжүүлсэн буянтай буурал. Миний дүү Я.Сүхбаатар ч бас аавыг дуурайсан маш эвсэлтэй. Бөхийн тусгайлсан сургалттай Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Энэ бол миний өссөн төрсөн орчин.

Хятадад теннис заахын хажуугаар тогтмол тэмцээн уралдаанд оролцож, ур чадвараа ахиулж буй нь 2018, 2019 онд улсын аваргад түрүүлэхэд нь нөлөөлсөн гэж Баярмагнай үздэг.
Ээж маань Төмөр замд ажилладаг байсан учир бид ч энд өссөн. Бага байхад манай байрны гадаа л хүүхдүүд сагс, хөмбөмбөг тоглоно. Нэг удаа гадаа гартал хүүхдүүд шавжээ. Очвол, банз тайрч төмөр рам хийгээд, тал тоосгоор ивсэн трубагаар торыг нь орлуулсан ширээн дээр ээлжлэн ширээний теннис тоглож байв. Аажмаар энэ газар хүүхэд бүрийг очих дуртай, тоглох дуртай төрөл болсон. Байрны хүүхдүүд дэндүү олуулаа учир нэг хожигдвол бүтэн цаг гаруй дараалал хүлээж суудаг байлаа. Нэг өдөр мэргэн санаа төрсөн. Түүнийгээ хэнд ч хэлэлгүйгээр ширээний теннисний секцэнд явж эхэлсэн. Сарын дараагаас намайг хожих хүүхэдгүй болж, тэр ширээнд би " хаан" суусан. Сүүлдээ ч нууцаа алдаж, секцэнд явснаа хэлж, тэд ч дугуйланд явж эхэлж байлаа. Гэтэл дугуйлан маань ч хаагдсан учир спортын мастер н.Мөнхсайхан ахын "Замчин " клуб дээр нэг, хоёр сар үргэлжлүүлэн хичээллэсэн. Гэр дугуйлан хоёр дэндүү хол. Манай гэр төмөр замд. Дугуйлан Амгалангийн эцэст. Тэр үед унаа унаш ч муутай. Гэтэл нэг өдөр автобус баазынхан ажил хаяснаас болж, дугуйлан луугаа алхаж очиж байсан маань санаанаас гардаггүй. Буцаад мөн алхсан. Аргагүй л теннисэндээ дуртай байжээ гэж одоо бодно. болоод автобуснууд явахгүй амгалан хүртэл алхаж очиж тоглоод буцаад гэрлүүгээ алхаж харьж байсан удаа ч бий.

Монгол улсад зохиосон Азийн өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр Пак багшийн хамт

Миний анхны багш бол улсын аварга Л.Батхишиг (Улсын аварга Билэгтийн аав).Батхишиг багш маань нэг өдөр намайг өөрөө хөтлөн "Хоршоолол" нийгэмлэгт аваачиж, Б.Дэлгэрбуян багшид тусгайлан захиж, албан ёсоор шавь оруулсан. Миний "Хоршоолол” клубээр овоглож байсан нь ийм түүхтэй. Багш зарим нэг өдөр жижүүрт гарна. Тэр жижүүрт гарах өдөр нь од шиг цөөн санагддаг байлаа. Тэр жижүүртэй өдрийг ашиглан шөнөжин зааландаа тоглож хонодог байснаа санаж байна. Миний анхны алтан медаль бол Хоршоолол нийгэмлэгтэй салшгүй холбоотой. Хоршоолол нийгэмлэгийн багт сэлгээгээр орж, Насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн төрлөөр анхны алтан медалиа хүртсэнээ хэзээ ч мартахгүй. 1995 онд, " Хоршоолол” клубээс УАШТ-д оролцож, спортын мастер н.Мөнхсайхан, спортын мастер Г.Ган-Эрдэнэ, спортын дэд мастер н.Батаа ах нарынхаа далбаан дор анхны медалиа зүүсэн.

Бэгз, Лхагвасүрэн. Улсын аваргад адилхан дөрөв түрүүлсэн энэ хоёр аваргаас тав түрүүлсэн Тогосын Болд аваргын эзэмших дээд рекордыг эвдэхийг теннисчид хүлээж буй. -Рекорд эвдэх нь ердөө л цаг хугацааны асуудал гэж Бэгз control.mn сайтад хариулсан.
Нэг хэсэг спортоос хөндийрч, амьдралаа залгуулахын хамаатны ах Г.Балжиннямын хамт эсгий гэр шиг хэлбэртэй зургаан талт эсгий майхан оёж, хонины ноосон хөнжил, аяны хөнжил зэргийг захиалгаар үйлдвэрлэж, худалдаанд гаргаж, чамгүй амжилттай ажилласан. байсан. Мөн зайрмагны цех, хуушуурны гуанз хүртэл ажиллуулж, теннис тоглох завгүй явлаа. Тэгэж байтал, хуушуурны гуанзны гадаа теннисний хүүхдүүдтэй таарч, долоо хоногийн дараа тэмцээн болох гэж байгааг сонсоод өөрийн эрхгүй оролцмоор санагдсан. Тэгээд л маргаашнаас нь эхлэн бэлтгэлдээ шаргуу орсноор теннисээ эргэн орсон доо. Тэр хүүхдүүд манай дээр хуушуур идэх гэж ирээгүй бол би тенниснээсээ бүр хөндийрэх байсан байж магад гэж одоо бодогдоно.
2002 он миний хувьд уйтгар гунигт, баяр хөөр хосолсон он болсон. УАШТ эхлэхийн өмнөх өдөр аав маань бурхан болсон. Гэр бүлийг минь гашуудал нөмөрсөн тэр үед тэмцээнд орох бодлоо ч хаясан байтал, авга эгч, ах дүү минь намайг ятгаж тэмцээн лүү хүчээр явуулсан. Түрүүлэх учиртай байсан юм болов уу, финалд ОУХМ С.Галбадрах ахтай таарч 2:0-р хожигдож байгаад барьж, дараалан гурван өрөг хожиж , теннисчидийн хэлээр гучингуравдаж анх удаа Монгол улсын аварга болсон түүхтэй. Тэмцээн дуусч, шагналаа гардаж авсаны дараа л өөрт учирсан уй гашуугаа теннисчиддээ дуулгатал бүгд гайхсан. -Эрт хэлэхгүй яасан юм бэ гэцгээгээд ажил явдалд оролцоцгоосон. Аав минь ердөө л хоёр, гуравхан өдөр л хүлээж тэссэн бол хүүгийнхээ улсын аварга болохыг үзэж, туйлаас баярлах байсан. Ээж минь өмнөх жил нь, 2001 онд нас барж, түүнээс хойш яг 9 сарын дараа эмээгээ алдаж, эмээ өнгөрснөөс хойш бас 9 сарын дараа аав минь бурхан болж эцэг, эх, эмээгээ ойрхон алдсан амьдралын минь хамгийн хэцүү үе бол тэр он жилүүд байсан. Санахад ч хэцүү.
2004 оны Бүх ард түмний спартикадад түрүүлж аваргаа хамгаалж билээ.

Аваргын тэргүүн хатагтай, хуульч мэргэжилтэй Долгион. Тэд гурван хүүхэдтэй. Долгион нотариач хийдэг бөгөөд, одоохондоо хоёр талд амьдарч буй. -Миний хань, найдвартай ар тал минь. Миний хайр гэж Бэгз эхнэрээ танилцууллаа.
Тэгээд нэг хэсэг Солонгост амьдарсан. 2007 онд БНСУ-ийг зорихдоо ракет маань ( цохиур модоо) ахиж хэрэг болохгүй байх гэж бодогдсон. Үлдээх гэснээ сэтгэл хорогдоод цүнхлээд харийн орныг зорьсон. Тэгээд л ракетаа гаргалгүй мартсан. Эхний гурван сар хэлээ үзэж, Солонгос хэлээр өөрийгөө хальт мульт ойлгуулах хэмжээнд хүрч , бусдын яриаг барагцаалдаг болсны дараа теннисээ тогломоор санагдсан. Сурч буй сургуулийнхаа багшаас теннисний клуб байгаа эсэхийг асуутал, -Маргааш хичээлээ тарахаар нь хамт явъя гэснээр ракетаа дахин гартаа барих болж билээ. Маргааш нь, төлбөртэй теннис тоглуулдаг газар багш маань намайг дагуулж очсон. Би ч хувцасаа солиод, ракетаа бариад гараад иртэл, - Чи өөрийн ракеттай юм уу? гэж гайхан асуусан. Тэгээд хамтдаа харилцаж байснаа, тоолж тоглосон. Тэгснээ, - Чи чинь гайгүй тоглодог юм байна. Маргааш арай өөр газар очиж тоглоно оо гэсэн. Тэр газар нь очоод, хэд хэдэн тоглогчийг бүгдийг нь хожтол, - Чи угаасаа тоглодог юм байна гээд мэргэжлийн клуб руу дагуулж аваачсан. Тэнд нь би долоо хоногтоо 2-3 удаа очиж тоглож эхэлсэн. болсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр танилын хүрээ ч тэлж, миний хэл ч зүгширч, улмаа тэмцээн уралдаанд ч орох болсон. Тэгж байтал, клубэд бэлтгэл хийж эхэлсний нэг жилийн ой дээр тэр клубээс надад багшлах санал тавьсныг би дуртайяа хүлээн авсан. Оюутан биш, цалинтай багш болсон түүх минь ингэж эхэлсэн. Хүний газар нөгөө л жижиг цагаан бөмбөг минь намайг тэжээх болсон. Багшлах хугацаандаа олон ч тэмцээнд оролцож, бас ч үгүй хэд, хэдэн шагнал авсан байдаг юм. 2012 онд сургуулиа төгсөөд эх орондоо бүрмөсөн ирсэн. Монголдоо ирснээс хойш тасралтгүй теннисээ хөөж, 2018, 2019 оны МУАШТ-д нэг бүрчилсэнд түрүүлж нийт 4 удаагийн аварга, мөн МШТХ-ны Цомын аваргад 2004, 2015, 2017, 2019 онуудад түрүүлснээр 4 удаагийн цомын аварга боллоо. 2015 оны 6 дугаар сард ОУШТХ-оос гаргасан олон улсын тамирчдын рейтинг тогтоосон жагсаалтад 337 дугаарт жагсаж байсан. Миний амжилт бол ОУХМ улсын хоёр удаагийн аварга Б.Баярмагнай, спортын мастер  Л.Баярмагнай болон миний ар, гэр, ах, дүү, найз нөхөд, Б.Дэлгэрбуян багштай минь салшгүй холбоотой гэж бодож явдаг. Ялангуяа том, жижиг хоёр Баяраатай багаасаа нөхөрлөж байнга хамт бэлтгэл хийсээр өнөөг хүрсэн. 2016 оны 11 сараас БНХАУ-н ӨМӨЗО-н Хөлөнбуйр аймгийн ширээний теннисний холбооны урилгаар дасгалжуулагч хийж байна. Нөгөө л жижиг цагаан бөмбөг минь намайг тэжээсэн хэвээр ...

2004 оны Бүх Ард Түмний Спартакиадад түрүүлэхэд Чулуунбат ерѳнхийлѳгчийн эхнэр Цэндмаа эгч хувиасаа 1000 ам.доллараар мялааж, шагналыг гардуулж билээ.

 

Хянан тохиолдуулсан Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Насаа:Ямар гоё түүх вэ. Хүндэлж хайрладаг тамирчныхаа түүхийг олж уншаад сэтгэл догдолж нулимс гарч байна. Маш даруухан сайхан хүү байдаг юм даа. Сайн сайхныг хүсэн ерөөе. 2019-12-06
Tennis :Tanii 5 dahi turuug tesen yadan huleej baina shuu... 2019-12-06
Зочин:Ширээний теннисний шилдэг тамирчдын сайхан дурсамжуудыг цувралаар хүргэж байгаад Control.mn-н хамт олон, Ц.Энхбат гуайд маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье 2019-12-06
Шүтэн бишрэгч:Сайхан дурсамж байна. Танд эрүүл энх аз жаргал энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 2019-12-06
Mugi:Мундаг залуу шүү, амжилт хүсэе. 2019-12-06
Г.Сундуй:Зах зээлийн ороо бусгаа хүнд үе байсан, дүү минь бүгдийг ялан дийлсэн шүү. Хагацал харуусал ялалт ялагдал гээд тамирчин хүний тэвчээр шаардсан үеийг одон бөмбөг л аварч дээ. Амжилт хүсье. 2019-12-06
Б.Баярмагнай:Үргэлж сайхан нийтлэл бичиж сайхан мэдээлэл түгээдэг Ц.Энхбат ахдаа баярлалаа. Олон жил хамтдаа бэлтгэл хийж олон тэмцээнд хожиж хожигдож, баяр гунигаа хуваалцаж ирсэн одоог хүртэл хамт нэг багт тоглож байгаа Бэгздээ спортын өндөр амжилт , эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашдаа ч хамт шүү монхороо. 2019-12-07
sonirhogch:uneheer goe tuuh unshlaa setgel saihan bolchihloo ene hunees surah zuil ih baigaa haragddag zaluuchuudad ulger duurail avaasai 2019-12-07
Alimaa:angiin ahdaaraa baharhaj omogshij tuuhiig ni un****ad nulims hurtel ungaj suuna Amjilt husiy nai****a ger buld ni sain saihaniig husiy 2019-12-08
Өв Ганаа:Нөр их хөдөлмөр шү амжилт гэдэг бол хэмжээлэшгүй 2019-12-09
жамсран цэцэгмаа :я.бэгзийн аавын төрсөн том ахынхан охин би бэгз хүүхэд байхын даруу томоотой төрөнгүүтөй хангарьд гэж аав ээж нь нэр өгөөд өвдөөд ламаас асуусан нэ р нь хүндэдсэн бна нэр соль гээд лам бэгз гээд нэр өгсөн дөө жоохондоо нэрээ голдог бж билээ бяцхан нууц түүх тавьсанд уучилаарай миний дүү ийм мундаг амжилттай яваа нь сайн дасгалжуулагч сайн хань ижил өөрийнхөн хичээл зүтгэл юм шүү бүгдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе борлууд омогын дүүдээ энэ спортонд нь улам их амжилт мундаг шүү дүү минь 2020-01-19
club:sportiin undur amjilt husii 2020-01-26
Төмөрөө:Аав нь хүүгээ Монгол улсын аварга болсныг мэдсэн бол ямар их баярлах байсан бол доо. Гэхдээ тэнгэрээс хараад баярласан байхаа. 2021-01-27
Зочин:Амжилт гаргасан тамирчин бүр л өөрөөрөө бахархдаг гэхдээ энэ түүх ийг уншихаар ямар их эгэл даруу хүн бэ гэж бахархдаг Амжилт хүсье 2023-07-04
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?