С НАРАН: БИ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ДУУЛДАГ, ДУУНДАА МӨРӨӨДЛӨӨ Ч ШИНГЭЭДЭГ

2022-01-06  

 Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн онцгой байр суурь эзэлдэг, поп дивагийн нэг С.Наран Монгол улсын гавьяат дуучин болсны дараа анхны ярилцлагаа өглөө. - Гавьяат дуучин болсонд баяр хүргэе. Монголын төр таны хөдөлмөрийг өндөр үнэллээ. Гавьяат цол авах болсон мэдээгээ хэрхэн хүлээж авсан бэ? -Шагнал авах болсноо ердөө л нэг хоногийн өмнө мэдсэн. Энэ мөчийг хэзээ ч төсөөлж байсангүй. Гэнэтийн бэлэг болсон. Дууг минь сонсдог фэнүүддээ, миний уран бүтээлийг дэмждэг , намайг ойлгодог бүх хүмүүст талархлаа илэрхийлье. -Шагналаа авсны дараах төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Хариуцлага ирлээ гэж өөртөө хэлсэн. Намайг улам сайн хөдөлмөрлө гэж гэж бодогдсон. Тиймээс цаашдаа улам хичээх болно. -Та урлагийн ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, тайзыг эзэгнэсэн, фэнүүдээ байлдан дагуулсан дуучин боллоо. Залуу үе, шинэ дуучдыг ажигладаг байх. Тэдэнд хандаж хамгийн түрүүнд юу гэж захих вэ? - Жинхэнэ дуучин болж чадах эсэх нь тухайн уран бүтээлчийн хөдөлмөрийн үр шимээс л хамаардаг. Зөвхөн уран бүтээлч гэлтгүй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүнд амжилт ирдэг гэдэгт би итгэдэг. Залуу дуучдыг чин сэтгэлээсээ хөдөлмөрлөөсэй л гэж захих байна. Миний хувьд бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Шагнал авснаар миний өмнө өндөр хариуцлага тулгарч буйг мэдэрлээ. Залуустаа, уран бүтээлчиддээ улам зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэж бодогдлоо. -Дуучин болох Таны хүүхэд насны мөрөөдөл байсан уу? -Миний хувь тавилан намайг эргэлт буцалтгүй урлагийн замд хөтөлсөн гэж боддог. Анх найзтайгаа кино драмын ангид шалгалт өгч, тэнцэж явлаа. Энэ үеэс урлаг гэдэг ертөнцтэй амьдралаа холбосон. Уг нь би дуучин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ л багаасаа дуулдаг байсан минь нөлөөлсөн. Миний амьдралын замнал л энэ байж. Ямар замаар явах ёстойг багаас минь надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Энэ амьдрал минь ч зөв гэдгийг би мэдэрдэг. -Хөвсгөл нутгийн дуучид хоолойны цар хүрээ сайтай гэх юм билээ. Та ч бас энэ нутгийн охин? -Нутгаараа үргэлж бахархаж явдаг. Тэр сайхан нутгаас олон мундаг дуучин төрсөн нь газар нутгийн онцлогтой холбоотой байж мэдэх юм. Үгээр хэлэмгүй гайхалтай онгон байгальтай. Тийм байгальд өссөн хүмүүс чинь урлаг, уран зохиолд онгодтой байхаас яах билээ. Энэ жил гэхэд л уран бүтээлийн ганзага нийлдэг яруу найрагч Болор-Эрдэнэ маань ч Болор цомын эзэн боллоо. Бас л Хөвсгөл нутгийн бүсгүй шүү. Бид олон сайхан дууг хамтдаа бүтээсэн. -Микрофоноо бариад тайзан дээр гарахад төрдөг хамгийн сайхан мэдрэмж ? -Тайзан дээр дуулах нь өөрөө үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Би дуундаа сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг. Тиймээс хүмүүс миний дууг сонсоод аз жаргал, сэтгэлийн сайхныг мэдрээсэй гэж би чин зүрхнээсээ хүсдэг.

No description available.

No description available.

Ярилцсан Ч.Гантулга( Зууны мэдээ)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?