МӨРДӨН БАЙЦААЛТЫН НУУЦ ГЭГЧИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ МӨРДВӨЛ "С.ЗОРИГ АМЬ ЭРСДЭВ" ГЭЖ МЭДЭЭЛЭЭД ДУУСАХ БАЙЛАА

2023-10-11  

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин хичээлдээ явахаар өглөө гэрээсээ гараад сураггүй болсон. Эрэн хайх ажиллагаа гурав хоног үргэлжилсний эцэст бяцхан охин бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон харамсалтай явдал боллоо. Энэ хэрэг дээр манай хэвлэл мэдээлэл шуурхай ажиллалаа. Гэмт этгээдийг гурав алхуулахгүй барьж саатуулж чадлаа. Энэ бол хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний ач тус юм. Гэтэл хэрэгтнийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн сэтгүүл зүй, сэтгүүлчдийг мөрдөн байцаалтын нууц задруулсан хэмээн буруутгаж эхлээд байна. Сэтгүүл зүй, хуулийнхны үйл ажиллагааны зааг ялгааг мэддэггүй, мэдээллийн боловсролгүй уншигчдыг ашиглах шиг болж байна. Үнэндээ мөрдөн байцаалтын нууц задруулах тухай асуудал сэтгүүл зүйд огт хамаагүй зүйл. Тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүй тагнуулчийн зарчмаар явдаг. Тэд өөрсдөө мөрддөг, баримт цуглуулдаг, тэгээд нийтэлдэг.

Өндөр хөгжилтэй улс орнуудад цагдаа, сэтгүүлчид энэ тэнцүү баримт цуглуулж ажилладаг. Харин манайд хэвлэлийнхэн заримдаа цагдаагаас түрүүлж хөдлөөд нууц далд баримтуудыг ил болгож байгаа явдал хуулийнханд тун чиг халтай байна. Монголын мөрдөх байгууллага ажлаа хийдэггүй, чадваргүй, залхуу хойрго байдлаа нуугаад өнгөрөх гэтэл тийм байдлаар ажиллаж болдоггүй юм гэдгийг энэ үйл явдал харууллаа. Одоогоос зургаан жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүдээс найман настай Д.Сэржмядаг охин сураггүй болсон. Хэрэг явдал болсноос хоёр хоногийн дараа “Өдрийн сонин” халуун мөрөөр нь эрэн сурвалжилж байлаа. Гэвч хуулийнхан өнөөдрийнх шиг хөдлөөгүй. Сураггүй болсон охины талаарх мэдээлэл өнөөдөр шиг хүчээ аваагүй, сошиал орчинд тархаагүй юм. Бодит үнэн л энэ.

Сэтгүүл зүй, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүй нууц далд байгаа мэдээллийг ил болгож нийтэд мэдээлэх үүрэгтэй. Монголын сэтгүүл зүй энэ үүргээ биелүүлээгүй бол 1998 онд “С.Зориг бусдын гарт амиа алджээ” гэдэг цагдаагийн рапорт шиг мэдээлэл хэзээ хойно хэд хоногийн дараа сонины нэг хуудасны өнцөгт бичигдээд өнгөрөх байлаа. Улс төрийн захиалгат онц ноцтой хэргийн халуун мөрөөр тухайн үеийн сэтгүүлчид уралдан хөдөлж байсны хүчинд өнөөдрийн уншигчид энэ хэргийн талаар үнэн бодит мэдээлэлтэй, үзэж харах баримттай суугаа юм. Мөрдөн байцаалтын нууц гэх үндэслэлээр хэвлэлийнхний амыг барьдаг бол зохион байгуулалттай, онц хэрцгий гэмт хэргүүд, нийгмийн бугшсан асуудлууд хуулийнхны төмөр сейфинд тоосонд дарагдаж үлдэнэ. Тийм ч үүднээс хэвлэлүүдэд мөрдөн байцаалтын нууц гэдэг дөнгө тавихыг оролдож байна. Хэрэв ингэвэл иргэн таны мэдэх эрхийг шууд боомилсон хэрэг болно. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн, нийгмийн эсрэг онц ноцтой үйлдлүүд, гэмт хэргүүдийг хэн ч мэдэхгүй өнгөрнө.

Монголын хэвлэл чөлөөт зарчмаараа өнөөдөр ажиллаж чадснаар харамсалтайгаар амиа алдсан охины сургийг гаргаж чадлаа. Гаргах гаргахдаа гэмт этгээдийг цагдаа биш энгийн номхон иргэд зогсоож дөнгөлөө. Тэд номыг нь үзсэн мөрдөгчөөс илүү арга саам сэтгэж онц ноцтой гэмт хэргийг илрүүллээ. Мэдээж тэдэнд хэвлэл мэдээлэл тусалсан. Тэд хэвлэлээс, сошиалаас мэдээлэл авч, түүнийгээ цааш дамжуулан аюулт явдлыг таслан зогсоосон. Улмаар талийгаач охины байсан газрыг мөн л нутгийн иргэд сураг гаргасан тухай хэвлэлүүд бичиж байна. Охиноо алдсан ар гэрийнхэнд хүн чанарын хувьд тэд том буян боллоо.

Энэ хэрэг харин манай хуулийнхан ямар түвшинд ажилладгийг харуулж амжив. Үнэндээ цагдаа нар хэрэг дээр ажилладаггүй, гэмт хэрэгтнийг барьж чаддаггүй. Тэд даргынхаа тушаал, удирдлагынхаа эрх ашиг биш л бол хөдөлдөггүй. Энэ арга барилаа нуухын тулд одоо

тусгай сангуудын хэрэг, нүүрсний хулгайн тухай нийгэм мэдэх байсан уу. Хамгийн ойрын жишээ гэхэд л допингийн хэрэг байна. Энэ асуудал нам дарагдах эрсдэлтэй байлаа. Гадаадаас ирсэн сорьцын хариуг хэвлэлд нийтлэснээр л Архангайн бөхчүүдийн допингийн асуудал дэлбэрсэн. Хэвлэл ийм л хүчтэй салбар. Монголын хэвлэл мэдээллүүд үүргээ гүйцэтгэсээр байгаа гэдгийн баталгаа энэ.

Номоор нь яривал хэвлэл мэдээлэл мөрдөх эрхтэй юм. Ноцтой, но-той мэдээллийн сэжүүр олсон бол хөөх ёстой, баримт цуглуулж, мэдээлэх үүрэгтэй. Барууны орнуудад 200 орчим жилийн түүхийг туулсан чөлөөт хэвлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онолд ингэж л заадаг. Хэвлэл мэдээлэл алдаа гаргаж болно. Тухайн цаг үед нь засч залруулаад цааш явна. Харин мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагууд мэдээллээ хамгаалах нь тэдний ажил. Баримтаа нууж чадаагүйн хорсол, өс хонзонгоо хэвлэл рүү чиглүүлж буй хандлага сошиалд ил цагаан харагдах боллоо. Онц хүнд хэргийг илрүүлж чаддаггүй, түүнээс урьдчилсан сэргийлэх тогтолцоог бий болгох сэтгэл, зүтгэлгүй салбарын жинхэнэ төрх илрээд эхлэхээр хэвлэлийнхнийг мөрдөн байцаалтын нууц задруулсан хэмээн хаа хамаагүй зүйлтэй хутгаж, нийгмийг талцуулах аядаж байна. Наад зах нь нийгмийг цочроогоод байгаа гэмт хэргийн гаралтыг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй мэргэжлийн криминологичдыг хавьтуулдаггүй. Даргад үйлчилдэг социализмын тогтолцооноосоо салж чадаагүй хэмээн судлаачид ил тод шүүмжилж буй. Монголд буй хамгийн гажиг тогтолцоо энэ. Гэмт хэргийг шуурхай илрүүлэх, мөрдөх үүрэгтэй цагдаа нар, прокурорууд, шүүгчид улс төрийн хамааралтай, улстөрчидтэй сүлбээтэй болчихсон. Улстөрчдийн үзэмжээр хэрэгт хандана. Шүү гэвэл шүүж, хорь гэвэл хорьж, улс оронд үй түмээр нь хохирол учруулдаг цагаан захтнуудыг эрх чөлөөтэй болгож чаддаг нөхөд бол хуулийнхан. Тиймдээ ч өнөөдөр хуулийнхны толгойд улстөрчдийн нутаг нугынхан дүүрчихсэн тухай баримт саяхны дугаарт хөндөгдсөн. Наанадаж Монголын цагдаад 21 аймаг, есөн дүүрэгт шигшмэл мөрдэстэнгүүд эрх биш байх ёстой. Гэтэл тэднээс биш төр засгийн удирдлагад байгаа цөөн хэдэн хүний нутгийн дүү нар л Монголын цагдааг атгаж суугаа. Ийм тохиолдолд хардахаас яахав.

Ядаж л хэвлэлийн хурдыг гүйцдэггүй гүйцэтгэх ажиллагаа гэж байхаар юу хэлэх вэ дээ.

Б.ЭНХЗАЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?