УЛААНБААТАР OPEN-2016 олон улсын тэмцээн зохион байгуулах болсноо Монголын Ширээний Теннисний Холбоо зарлалаа.
Энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохиох тус тэмцээнийг 13-аас доош нас, 14-16, Залуучууд гэсэн гурван насны ангиллаар хийнэ гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах мэдэгдлээ.
Зөвхөн нэгбүрчилсэн төрлөөр өрсөлдөх тус тэмцээнд Монголын тамирчдаас гадна, Өмнөд Солонгос, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот, Хятад улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны баг тамирчид оролцох тухай мэдүүлгээ ирүүлжээ. Дээр нь Хойд Солонгос, Гонконг, Макаогийн тамирчид ч урилгаа гардаж авсан байна.
Анх удаа зохиох УЛААНБААТАР OPEN-2016 тэмцээнийг Монголын ширээний теннисний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, МШТХ-ны хүндэт ерөнхийлөгч Очирбатын Чулуунбатын нэрэмжит болгосон байна. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Даваасүрэн захиралтай ӨЕГ компани оролцож байгаа юм байна. Тэмцээнийг "ОЧ" төв клубт хийхээр төлөвлөсөн байна.
Э. ЛХАГВАСҮРЭН