Олимп, дэлхийн аварга болох нь Бүх Хятадын аварга болохоос амархан гэж хятадын теннисчид зөвшөөрдөг. Хэн нь ч аварга болж магадгүй учраас хамгийн өрсөлдөөнтэй болдог. Олимп, дэлхийд дараалан аваргалсан ч, Бүх Хятадын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн тохиолдол ховор.
Одоогоор Жан Жэйк, Ма Лонг нарын хэн нь ч Хятадынхаа аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлж чадаагүй хэвээр. Энэ жил Бүх Хятадын аварга хэн болох вэ? гэдэг нь 9-р сарын сүүлээр тодорно. Ямар ч гэсэн 2016 оны Хятадын Ширээний теннисний УАШТ-д оролцох тамирчдын нэрсийг Хятадын ширээний теннисний холбооноос 9-р сарын 7-нд зарлалаа. Ма Лонг, Жан Жэйк, Динг Нинг, Лиу Шивэн гээд олимпийн аваргууд бүгд зодоглоно. Олимпийн өмнө зодог тайлахаа зарлаад, теннисний хорхойтнуудынхаа хүслээр Рио-д оролцож мөнгөн медаль хүртсэн, олимпийн 3 алтан медальтай Ли Сиао л зодог тайлна гэсэндээ хүрч, Хятадын УАШТ-д нэрээ бүртгүүлээгүй тухай албан ёсны эх сурвалж мэдээллээ. Одоогоор, Хятадын УАШТ-д нэг бүрчилсэн төрөлд нийт 306 хүн оролцоно. Тэдний 268 нь дан хос, холимог хос, багийн төрөлд оролцох мэдүүлгээ өгчээ.
Тухайлбал, Ма Лонг, Жан Жэйк, Динг Нинг, Лиу Шивэн, Сү Шин гэх 5 олимпийн аваргууд нэг бүрчилсэн төрөлд оролцох бол, Ма Лонг, Динг Нинг, Лиу Шивэн нар бүх төрөлд оролцохоор болжээ. Нэг бүрчилсэн, Баг, Дан хос, Холимог хос Хятадын УАШТ нь Хятад улсын хамгийн нэр хүндтэй тэмцээн төдийгүй, дэлхийн хамгийн өндөр чансаатай тэмцээн гэж зөвшөөрөгддөг. Сонгон шалгаруулалтаар оролцох тамирчдыг шалгаруулдаг тул Дэлхийн АШТ-нээс ч илүү өрсөлдөөнтэй болдог гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Хэн нь ч цахиур хагалж мэдэх тэмцээн бол Хятадын аварга шалгаруулах тэмцээн. Тухайлбал, 2008 оны олимпийн дараах Хятадын УАШТ-д тухайн үед дөнгөж 20 настай Жан Жэйк олимпийн 3 аварга болох Ван Личин, Ма Лин, Ван Хао нарыг хожиж аваргалан дэлхийн шилдэг тамирчин болох гараагаа эхэлж байсан түүхтэй. Ийм битүү морьд энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд ч гарахыг үгүйсгэхгүй. Энэ жилийн УАШТ нь Лиаонинг мужийн Аншан хотод 9-р сарын 20-28 ны хооронд зохион байгуулагдах ба Ма Лонгийн төрсөн нутаг юм. Олимпын аваргуудаас Ма Лонг ганцаараа бүх дөрвөн төрөлд орох болж байгаагаараа онцлогтой . Холимог хосын төрөлд олимп, дэлхийн аварга Динг Нингтэй хослохоор нэрээ өгчээ.
Э. ЛХАГВАСҮРЭН