“Аливаа асуудлыг нөгөө талаас нь харж сурах нь Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэг чухал асуудал. Шинэ, даацтай бүтээл гаргахын тулд өдөрт дор хаяж таван шинэ хүнтэй уулз.”
Энэ бол Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Олон Улсын Сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн, эрэн сурвалжлах сэтгүүлч Саяад Назакатын хэлсэн үг. Саяад Назакат бол дайн байлдаан, зөрчилтэй бүс нутаг, хүний эрхийн асуудал, аюулгүй байдал болон хөгжлийн суудлаар 30 гаруй улс орноос мэдээ сурвалжлага бэлтгэж байсан туршлагатай эрэн сурвалжлагч сэтгүүлч юм.
Тэрээр өөрийн туршлагаасаа хуваалцахаар Хонг Конгийн Их сургуулийн профессор, Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумыг үүсгэн байгуулагч, эрэн сурвалжлах сэтгүүлч Ийн Чаны хамт манай улсад ирээд байгаа юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд сэдэв сонголт чухал бөгөөд асуудлыг өргөн хүрээнд ерөнхийлөн авч үзэхээс илүү жижиг энгийн зүйлээс бүх зүйл эхэлдэг. Юун түрүүнд сэдвээ олчихоод эхний ээлжинд холбоотой бүхий л мэдээллийг цуглуулах нь чухал гэдгийг алдартай эрэн сурвалжлагч хоёр эрхэм онцолж байлаа.
Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажиллаж байгаа сэтгүүлч хүн маш олон танил, найз нөхөдтэй болох хэрэгтэй. Энэ нь алхам тутамдаа аюул заналхийлэл, асуудалтай тулгарч байдаг эрэн сурвалжлагчид хамгаалалт болж өгдөг болохыг зөвлөсөн юм.
Саяад Назакат, Ийн Чан нар манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдах Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хуралд оролцож мөн өөрсдийн туршлага, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил дэвшил, чиг хандлага гэх мэт олон асуудлын талаар монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхантай хуваалцах юм.
С.ШҮРЭНЧИМЭГ