Ц.ХУЛАН: ХҮҮХНҮҮДДЭЭ УНШИХ ШҮЛЭГ

2020-04-11  

Ганган малгай, Улаан уруул ялдамхан төрхт найрагч бүсгүй... биедээ баймгүй зоригтой шүлэглэдэг нь бидний сэтгэлд тодхон билээ. 

Ц.Хулан: Таарсан бургас шүүрч, даргын суудал руу мацахгүйгээ инээд ...

Хүүхнүүддээ унших шүлэг

Бүсгүй хүн барилдаж байна гэнэ үү бүүр болоогүй
         Бүгд Найрамдах Улсын төрийн дуулал эгшиглүүлж
Энгэртээ алтан медалтай Эрдэнэт-Од охин
Эх орон доо ирж яваа гэнэ
         Яадаг юм миний дүү ялсан бөх чиний магнайн хөлсөөр
         Яруу найрагч надаас эхлээд бүсгүй болгон адислатугай
Эр морь хурдалахаа больсон энэ цагт
Эм хүн барилдах нь энүүхэндээ миний дүү
         Галав юүлтэл дуулалсан Гоож Нана Явуухулан
         Гаваа Чогдом Дандартай жанжин Сүхийн минь эр цэргүүд
Гамин хятад манж нарыг нульж өгсөн нударга
Гайгүй явсан энэ эрчүүл чинь яачихаад байгаа юм бэ?
         Хүннү Сүннү төрийнхөө үеээс үндсэн хуулиа цэцэлсэн
         Хүч хөмсөг ухаанаараа Бат-Эрдэнэ аврага шиг цэцэлсэн
Дэлхийг эзлэхдээ дагуулсан эзэн Богдын минь хөлөг баатрууд
Дэлгүүрийн Чингис айргаар шараа тайлаад завгүй байна
         Эгчмэд мянган бүсгүй тэнд төмөр замын депод
         Эх орныхоо галт тэргийг мөрлөн зүтгэж байхад
Рестораны зөөгч турьхан цагаан банди нар
Эрээний зүнж түшин өмнө хойгуур гүйлдэж байна
         Эрдэнийн хорол дунгуй шиг наранцацрагатай
         Эрх чөлөөний заргын бичиг нь ард Аюуштайгаа байхад
Эдүгэ төрийн сайд Наранцацралтуудыг
Эрээн могой шиг ховын хэл бүсгүйн гэзэг шиг ороож байна
         Адуу тамгалдаг айргын хул яаран тосдог
         Алиа саарлынхаа уран толгойг мөнгөн хазаараар чимгэлдэг
Амрагын захидал бичиж нулимсаа сэмхэн шудардаг
Аав хүний ёсоор эсгий үнэг хайчилдаг
         Алгаараа мутраараа энэ эрчүүл
         Авилгалын балиар бичгэн дээр гарын үсэг зурж байна
Одоо тэгвэл яах юм ой модгүй билээ гээд уул хангай
Орхон Хэрлэн Туулгүй билээ гээд эх орон минь
          Олигтой эрчүүлгүй билээ гээд бүсгүйчүүл яах юм
          Барагдахаас наагуур болсон энэ Монгол улсаа
Барилдахаас цаагуур болж байж бүсгүйчүүл минь л авч үлдэнэ
Бас дээр нь эрчүүлээ авч үлдэнэ хэрэг болж юу мэднэ
         Бүүвэйн дуу нь ч эр хүн эмээлт хүлэг эргэх дэлхийтэй
         Бүсгүй хүнийг басаж болохгүй
Эхийн сүү ээдэхгүй
Эх орноо бид хэнээр ч тоглуулахгүй ээ
                                         

Төрийн шагналт Ардын уран зохиолч, СГЗ  яруу найрагч Д.Цоодолын охин Ц.Хулан нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1994 оны Болор цомын эзэн болсон. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхийн албыг хашиж буй.

 

 

Т.Хуншагай

 

 

 

 

 

                             

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?