Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/: ШАВАР ЭМЧИЛГЭЭНИЙ ИД ШИД

2023-02-03  

 Шунхлай уулын оройд алсаас харагдах бугийн хөшөө бий. Тээр доор голын ойролцоох шавар дунд хоёр янзагатай согооны хөшөө бий. Хөшөөг тойрсон шавар эмчилгээний шаврын эх ундрага юм. Хөлөө бэртээсэн согоо шавар дунд хэвтсээр байгаад эдгэрч явахыг харсан нутгийн хүмүүс шавар эмчилгээний ид шидтэй болохыг өөрсдийн бие дээр туршиж үзсэнээр мэдсэн түүхтэй.

 Би бээр ая тав тухыг хайсаар яваад “Ананд-Хужирт” рашаан сувилалд Шавар эмчилгээ хийлгэв. Ус, эрдэс, биологийн идэвхт бодис амьд бичил биет агуулсан дулаан хадгалах чанартай анагаах чадал бүхий MNS:4858-2008 стандартын шаардлага хангасан шаврыг эмчийн заавраар талбай, 40 хэмийн температур, нимгэн зузааныг тохируулж тавьдаг юм байна.

        

 Халуухан шавар дээр хэвтэн умдаг, мөр, тохой, өвдөг хөлийн шагайнд халуун шавар наалган зузаан өлгийгөөр өлгийдүүлэв. Төдөлгүй хамаг бие халууцаж, олон км гүйсэн аятай хамаг биений хөлс асгарч, хуйх нүдний зовхи хорсгон биед хуралдсан хор гадагшилж эхлэв. Жаахан тайвширсаны дараа бодлоо, бигнүүр эмчилгээ..

    Шавран бигнүүр цусны эргэлт, амьсгал, бодисын солилцоо, дааврын ялгаруулалтыг эрчимжүүлж байгаа нь тодорхой. Эмчилгээний шавар нь төмөр, зэс, хөнгөн цагаан, кобальтын ислүүд, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар, антибиотик, аминдэм нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай нянгийн эсрэг үйлчлэлтэй гэдэг. Эмчилгээний шавар арьсны гадаргуутай шүргэлцэхэд бага зэргийн цахилгаан гүйдэл үүсч, шаврын найрлага дахь химийн бодисууд ион болон задарч улмаар арьсанд нэвчинэ. Мөн шаварт агуулагдаж байгаа даавар төст бодисууд арьсаар нэвтэрч, энзимийн урвалж явагдсанаас, исэлдэн ангижирч эд, эсийн хийн солилцоо сайжирч эдийн нөхөн төлжилтөд эерэг нөлөө үзүүлнэ. Үе холбоосыг зөөлрүүлж, үений шингэний урсгал, глюкозидамидийг ихэсгэж уян хатан чанарыг бий болгоно. Улмаар бөөр шээс бэлгийн зам, түрүү булчирхай, өндгөвч даавруудыг өдөөж, дархлаа тэнцвэржиж, харшил буурч, ялангуяа хэсэг газрын үрэвсэлд үзүүлэх нөлөө илт мэдэгдэхүйц болдог. Энэ нь эдийн цусан хангамж, тэжээллэг чанар сайжирч үрэвслийн эмгэг голомтыг арилгахад түлхэц өгнө. Шавар эмчилгээний нөлөөгөөр арьсны хучуур эдийн давхаргад лимфоцит, эозинофилийн урсгал ихэснэ.

 (...Тээр жил аав маань 70 шүргэм насандаа хоёр өвдөг өвдөөд хаана эмчлүүлэх вэ гэж асуухад нь нутгийнхаа Хужирт рашаан сувилалд эмчлүүлчих гэж хээв нэг хэлчихээд би явж билээ. Тэр үед рашаан сувилалд настангуудад эмчилгээ хийлгэдэг гэж эндүүрч явсан үе. Төдөлгүй аав өвдөг өвдөх шаналгаагүй явах болов. Шавар эмчилгээ тун сайн бололтой гэж бодоод өнгөрч билээ... ) Шавар эмчилгээний 15 минут дуусч би шавран хүн болов. Халуун рашаанаар шавраа арилгахад торго шиг зөөлөн ус биеийг бүрхэж өнгөлөг болгов.

Рашаан эмчилгээ...Бие махбодийн эд эсийн түвшинд атом молекул биоэнерги, биохимийн, онц гайхамшигтай эмчилгээ нь: цахиурын хүчлээс гадна рашаан эмчилгээний олон янзын бодисууд фтор, азот, карбонат, гидрокарбонат, натри, кали, хүхэр ус төрөгч, нүүрстөрөгч, радоны  найрлагатай байгалийн халуун рашаан юм. Мэс заслын дараах шархны эдгэрэлт удааширсан бол шавших угаалга хийх түлэгдлээс үүссэн сорви зэргийг эмчилж шавар тавихын өмнө шар усны нүхийг нээх цус, лимфийн урсгалыг сайжруулж, микроэлементийг арьсаар нэвчүүлэх замаар эмчилдэг. Рашаан нь тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, захын болон төв мэдрэлийн систем, арьс, шээс, бэлгийн зам, амьсгалын замын өвчин, эмэгтэйчүүдийн өвчнүүдэд нэн сайн. Биеийн дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, тунгалагийн эргэлт, хий цусны эргэлтийг сайжруулж, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана.

 Хужиртын шаврын ундрага тойрон хэдэн рашаан сувилалын газар нийтдээ 1000 гаруй хүн хоногт эмчилгээ хийлгэж байна гэхэд жилдээ бараг 360 000 хүн эмчилгээ хийлгүүлж байгааг харахад шавар, рашаан эмчилгээг ихээхэн үр дүнтэй болохыг харуулж байна.

Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/:

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?