Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужийн Дибругарх дүүргийн Тенгахат сууринд байрлах улсын өмчит Oil India Limited компанийн завсрын нөөцлөх агуулах (ITF)-д баасан гарагт орон нутгийн цагаар 09:05 цагийн орчимд их гал гарчээ.
Компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар гал засвар үйлчилгээний ажлын үеэр гарсан бөгөөд нэг хүн авсан шархаа даалгүй амиа алдаж, зургаан хүн түлэгдэн Дибругарх дахь Ассамын анагаах ухааны коллеж, эмнэлэг (AMCH) болон OIL компанийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Урьдчилсан мэдээллээр ажилчид хавхлага ажиллуулж байх үед агуулахын түүхий нефть хадгалах хэсэгт дэлбэрэлт болж, их хэмжээний гал дэгдсэн гэж таамаглаж байна. Дэлбэрэлтийн яг шалтгааныг албан ёсоор хараахан тогтоогоогүй байна.
Түлэгдсэн ажилчдын тавын нэрсийг зарласан бөгөөд тэд бүгд Тенгахат болон Дибругархын оршин суугчид юм. Тэд Мумбай хотод төвтэй Spectron Engineers Private Limited компанийн ажилчид бөгөөд Oil India компанитай гэрээгээр тус байгууламжид ажиллаж байжээ.
Oil India компанийн галын албаны бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг хяналтдаа авсан гэж компани мэдэгдэв. Байгууламжийн орчимд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна.
Компани амиа алдсан ажилчны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, нэмэлт мэдээлэл тодрох бүрд олон нийтэд мэдээлнэ гэдгээ илэрхийлжээ.
Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн биеийн байдал болон хохирлын хэмжээг тодруулж байна.
Эх сурвалж: NDTV; Oil India Limited компанийн мэдэгдэл