Дүрвэгсдийг нутаг дэвсгэртээ хөл тавихыг хориглосон шийдвэрийг Македоны засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр 3-р сарын 09-ний өглөөнөөс хэрэгжиж эхэллээ. Одоогоор Македон, Грекийн хооронд 30000 дүрвэгчид байрлаж байгаа аж. Македон, Сербийн хилд тулж ирсэн дүрвэгчид хүйтэн, нойтон нөхцөлд өдөр сарыг өнгөрүүлж байна. Өдөрт 500 хүн нэвтрүүлж байсан журмын дагуу хилийн нэвтрэх хаалганд тулж ирсэн хүмүүс орох орон ч үгүй, унтах дэвсгэр ч үгүй, бороо цас, хүйтэн салхинд чичирч, үр хүүхэд нь өвчин тусаж байна гэсэн мэдээллийг НҮБ-ын хүүхдийн төлөөх байгууллагынхан хэвлэлээр дамжуулж олон нийтэд дуулгаж байна.
Дүрвэгсдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа нь энхийг сахиулагчдын санаа сэтгэлийг зовоож байгаа аж.
Ц. ЖАРГАЛ