Нүүр   /   Спорт   /   RUSSIA-2018

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ХӨШИГӨӨ НЭЭХЭД ЕС ХОНОГ ҮЛДЛЭЭ

2018-06-05  

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшигөө нээхэд ес хоногийн хугацаа үлджээ. 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай хойд хөрш ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд зохион байгуулагдахад бэлэн болоод байгаа юм. Хөлбөмбөгийн дэмжигч танд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонин содон зүйлсээс танилцуулахаар бэлтгэлээ.

Юуны өмнө 2014 онд Бразилд зохиогдсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр юу болж байсныг эргээд харъя. 

Иохен Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг их шөвөгт хөлбөмбөгийн эх орон Бразилийн багийг хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө  7:1-ээр “бут ниргэж” аварга болох замаа зассан. Тэд шигшээ тоглолтод өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигээр ахлуулсан Аргентины шигшээг Марио Гёцегийн гоолоор “сөхрүүлж” дэлхийн аваргын цом алтан цомыг дөрөв дэх удаагаа өргөсөн түүхтэй.

Дөрвөн жилийн дараа тэд аваргаа хамгаалахаар илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр хойд хөршид газардаад байна. Өнгөрсөн оны есдүгээр сард хүнд гэмтэл авч дэлхийн аваргыг өнжих тухай яригдаж байсан гарааны хаалгач Мануел Ноэр багтайгаа нэгдсэн нь улам л хүчирхэг болгож байна. “Герман машин”-уудын урд шугаманд 21 настай авьяаслаг довтлогч Тимо Вернер гарна. “Лейпциг” клубд алба хашиж буй шигшээ багийнхаа төлөө 12 тоглолтод оролцож долоон гоол бүртгүүлээд байна. 

Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Орост өнгөлөх магадлалтай хамгийн өндөр багаар Германы шигшээг нэрлэж байна. Германууд тэмцээний “F” хэсэгт Мексик, Швед, Өмнөд Солонгосын багуудтай оржээ. Иохен Лёвийн багийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь урьдчилсан шатны тэмцээнээс дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээг мулталсан Шведийн баг байх болов уу.

Өөр нэг хүчирхэг баг Оросыг зорих эрхээ аваад буй нь 1998 оны дэлхийн аварга Франц юм. Дидье Дашемаар удирдуулсан багийн довтолгоонд цагийн хамгийн шилдэг довтлогч Антон Грызман зогсож буй нь  тэднийг хүчирхэг болгож байна. Харин голын шугамд цагтаа хамгийн үнэтэй тамирчнаар нэрлэгдэж “Манчестер Юнайтед”-ад газардаж байсан Пол Погба гарна. Түүний хажууд 2016 онд “Лестер Сити”-г Премьер лигийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн Нгола Канте тоглоно. Мөн хаалганд дээр дэлхийн шилдэг хаалгач Уго Ллорис найдвартай зогсох биз. Тэд түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөхөд гайхах хүн байхгүй биз.

Өнгөрсөн дэлхийн аваргад Германы шигшээд гутамшигтайгаар хожигдсон Бразилийн баг зургаа дахь цомоо өргөхөөр Орос улсад очно. Багийн лидер Неймар дэлхийн аваргаас өмнө  бэртлээсэй иргэж ирсэн нь сайн хэрэг. Дөрвөн жилийн өмнө дэлхийн аваргын шөвгийн наймд Колумбын эсрэг тоглохдоо нуруугаа гэмтээж нүдэндээ нулимстай талбайг орхисон Бразил залууд дэлхийн аваргын алтан цом л хэрэгтэй. Неймарын зорилгоо биелүүлэхэд туслах гол хүмүүс нь Роберто Фирмино, Габриель Жесүс нар. Энэ улиралд “Ливерпүүл” клубийн хамт аваргуудын лигийн шигшээд шалгарсан Фирминог энэ дэлхийн аваргаар гялалзах хамгийн өндөр магадлалтай тамирчнаар мэргэжилтнүүд нэрлэж байна лээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр  “Анфилд” цэнгэлдэхэд Лука Модрич, Марио Манзукич нараар ахлуулсан Хорватын багтай нөхөрсөг тоглолт хийж 2:0-ээр ялж бэлтгэл сайн байгаагаа харуулсан юм.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ багийнхан 2014 оны мөнгөн медалиа алт болгохыг хүсч байгаа. Аргентины шигшээ багийн амжилт Серхио Агуерогийн тоглолтоос ихээхэн хамаарна. Довтолгоонд дан ганц Месси биш Агуеро хангалттай тусалж өгвөл өрсөлдөгч багийн хамгаалалтад илүү дарамт учруулна. Мөн Гозало Игиуэн гэж ясны довтлогч Аргентины өмсгөлтэй талбайд гарах нь довтолгоог улам л хүчирхэгжүүлнэ. Ямартай ч дэлхийн шилдэг  Лионел Месси мэргэжлийн тамирчны замналдаа Дэлхийн аваргын цомтой үлдэхийн тулд  өөрөөс шалтгаалах бүхнээ дайчлах биз. Сүүлийн дэлхийн аварга гэх нэр Мессиг илүү хурцалж өгнө.

Нээлтийн тоглолт энэ сарын 14-нд 23:00 цагаас явагдана

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай хойд хөрш ОХУ-д зохион байгуулагдах учир тоглолтын цагийн хуваарь нь  Монголын хөлбөмбөг сонирхогчдод хамгийн  тохиромжтой таарч байгаа. 

Фанатуудад өөр нэг таатай мэдээ байгаа нь ДАШТ-ийг NTV болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлнэ. Тэмцээний нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-ний өдөр тэмцээнийг зохин байгуулагч ОХУ болон Саудын Арабын багуудын хооронд 23:00 цагаас болно. 

ДАШТ-ний хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 20:00, 22:00, 02:00 цагаас явагдах хуваарьтай байна.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?