XXI ЗУУНЫ БОСГОН ДЭЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ХААНА БАЙНА ВЭ?

2020-07-12  

Монгол гэдэг энэ нэр өөрөө универсал идеологи. Өнөөдөр Монгол нэртэй олон Монгол дэлхийн олон газар хоорондоо ялгаатай уламжлал, соёлтойгоор амьдарч байна. Хар тэнгисээс Номхон далай хүртэлх евроазийн өргөн уудам нутагт Халимаг Монголоос Хазар Монгол, Аймак Монгол, Буриад, Барга, Ар Монгол, Өвөр Монгол, Хөх нуурын Монгол, Тува Монгол, Дээд Монгол гээд олон Монголчууд өөр өөрийнхөөрөө аж төрцгөөнө. Тэдний дундаас цор ганц тусгаар тогтносон Монгол нь “Ар” Монгол буюу өнөөдрийн Монгол улс. Энэ бол XXI зууны босгон дээрхи Монгол үндэстний ерөнхий дүр зураг.

Олон Монголчууд Араб, Перс, Хятад, Орос, Монгол гээд олон хэлээр ярилцаж, Хиндуйзм, Буддизм, Ислам болон Христос гээд хоорондоо ялгаатай олон шашин шүтэж, өөр өөрийн заншлаар аж төрцгөөж байна. Товчоор хэлбэл 2000-аад жилийн түүхийн явцад евроазийн цээжин дээрхи олон Монголчуудын шашин шүтлэг, хэл бичиг, соёл, зүс царай гээд бүхий л зүйлс нь өөрчлөгдөн, хоорондоо олон зүйлээр ялгаатай болжээ. Гэхдээ тэднийг нэг л зүйл нэгтгэдэг. Тэр нь МОНГОЛ. Монгол гарал нь тэднийг нэгтгэдэг төдийгүй Монгол болж төрсөнөөсөө, угсаа гарвалаасаа болж гадуурхагдан хавчигдаж, бусдад хядуулан цөлүүлэх гунигт хувь тавиланг амссаар ирсэн юм. Одоо ч хэвээр.

Яг л 2000 жилийн турш эх оронгүй бүх дэлхийгээр тэнүүчлэн амьдарсан Еврейчүүд адил. Еврейчүүд ганцхан “Еврей” учраас бусдад алуулж, цөлүүлж бас гадуурхагдан доромжлуулдаг байсныг бид мэднэ. Еврейчүүд 2000-аад жилийн турш дэлхийгээр тэнүүлчлэн олон улс оронд аж төрж, улмаар түүхийн уртад хоорондоо хэл, бичиг, царай зүсээрээ ялгаатай болсон ч тэдний “Бид Еврей гаралтай” гэсэн ганц л үнэт зүйл нэгтгэж иржээ. Еврейчүүд өнөөдөр дэлхийн 150 гаруй улс оронд 15 саяулаа тархан аж төрж байна.

Монголчуудаас ялгаатай нь Еврейчүүд хэзээ ч том эзэнт гүрэн байгуулж байгаагүй. Өнөөдөр Монголчууд амьдарч буй газар нутаг дээрээ бүгд хоёрдугаар зэргийн байдаг бол Еврейчүүд очсон газар бүртээ боловсролын түвшин, санхүү бизнесийн чадвар болон дасан зохицох чадвараараа гоц ялгардаг бөгөөд “Мөнгө хаана байна тэнд Еврей хүн байна” гэсэн нь оргүй хоосон үг биш юм. Өнөөдөр тэд дэлхийн санхүүг барьж байна.  Еврейчүүд нь андын зохион байгуулалттай цорын ганц үндэстэн бөгөөд дотроо аравт, зуут, мянгатын зохион байгуулалттай байдаг. Монголчууд 13-р зуунд андын зохион байгуулалттай буюу аравт, зуут, мянгатаын зохион байгуулалттай байсан гэдгийг хүн бүр мэднэ.

Эх оронгүй дэлхийгээр тэнүүчлэн амьдарч байхдаа “нэг Еврей нөгөө Еврейдээ эх орон нь болж, хэзээ нэгэн цагт Сион ууландаа очно хэмээн” өдөр бүр залбирсаар 1948 оны тавдугаар сарын 14 онд Израйл улсаа байгуулж, тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ энэхүү тусгаар тогтнол бол Еврейчүүдийн зорьсон зорилгодоо үнэнч тууштай байж аливаа зүйлийг гүйцэтгэхдээ мухар сүсэгтэж, ламдаж, бөөдөхөөсөө илүүтэйгээр мэдлэг боловсрол, онолыг сууриа болгодгийн гэрч юм. Тусгаар тогтносон Еврейн төр улс байгуулах төлөвлөгөө нь бүр байгуулагдахаасаа 51 жилийн өмнө гарсан гэдгийг онцлох хэрэгтэй.

Дэлхийн Еврейчүүд 1897 оны наймдугаар сарын 29-31-нд  Швейцарийн Базел хотод хуралдаж “Дэлхийн Еврейчүүдын Конгрес”-ыг байгуулсан бөгөөд тэндээс Еврейн төрийг байгуулах зорилтоо тунхагласан. “Еврейчүүд 2000 жилийн турш өглөө бүр ариун хот Иерусалимдаа, Сион ууландаа очихийн төлөө залбирч байсан. Одоо зөвхөн залбирах биш бодит болгох ёстой. Базелд бид Еврейн төрийг үндэслэн байгуулж байна. Хэрэв бид өнөөдөр үүнийгээ зарлах юм бол хүн төрөлхтний шившиг болно. Гэхдээ тав магадгүй тавин жилийн дараа байгуулж, хүн бүр биднийг хүлээн зөвшөөрөх болно” гэжээ. Үнэхээр ч үүнээс хойш 51 жилийн дараа буюу 1948 онд Израйл улсаа байгуулж, 2000 жилийн дараа Сион ууландаа буцаж ирсэн юм.

Еврейчүүдээс ялгаатай нь Монголчууд түүхэндээ эх оронгүй тэнүүчлэх тавиланг одоохондоо амсаагүй ч харин өөрийн газар нутаг дээрээ дарлагдаж байсан. Монгол үндэстэн таван зуун жилийн гүн нойрноосоо сэрж 1911 онын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалаар Буриад, Барга, Ар, Өвөр болон бусад Монголчууд нэгдэн нийлж тусгаар улсаа байгуулахын төлөө тэмцэж байсан ч бүтэлгүйтэж, улмаар хүчинд автаж, Өвөр Монголчууд болон бусад олон Монгол ахан дүүсээ Хятадуудад колончлуулж, Буриад болон бусад олон Монгол ахан дүүсээ Оросуудад колончлуулан алдаж байж, өвөг дээдсийн гал голомт болсон гурван голын нутагтаа эзэн сууж тусгаар тогтносон МОНГОЛ УЛС- аа байгуулж чадсан бөгөөд үүнийг баталгаажуулж 1945 оны 10-р сарын 20-ны өдөр Монголын бүх ард түмний санал асуулга явагдаж 100 хувь дэмжсэн.

Монгол улсын хувьд 20-р зуунд хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн хувьсгалын үр шимийг хүртэж өндөр хөгжиж чадсан ч 1990 оны ардчилсан хувьсгалаар бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээ устгачихаад өнөөдөр гуйлгачингийн амьдралаар амьдарч байна. Гадна дотны доншуучид эцэг өвгөдийн минь ариун газар шороог хоноцын сэтгэлээр сүйтгэж байна. Энэ Монгол улсын газар шороо бол дэлхий дээр тархан амьдарч байгаа олон сая Монголчуудын очихыг хүсэж, ганц удаа ч гэсэн хараад нүд аньсан ч харамсахгүй “нэгэн насны мөрөөдөл болсон ариун газар шороо” билээ. Яг л Еврейчүүд ариун Сион уул, Иерусалимдаа ирэхийг хүсдэгтэй адил.

Харамсалтай нь шинэ зууны босгон дээр Монгол үндэстэн Африкийн хэдэн улстай зуузай холбон өөртөө, өөрийнхөө хүчинд итгэхгүй бусдын амыг, гарыг харж алгаа тосон арчаагүй гуйлгачин амьдарцгааж байна. 21-р зууныг Монголын Зуун болгох агуу хүсэл тэмүүлэл ч алга. Хэрэв 13-р зуунд бидний мэргэн өвөг дээдэс бүтэшгүй, боломжгүй хэмээн гараа хумхин суугаад байсан бол агуу үйл хэргийг хэзээ ч хийж гүйцэтгэж чадахгүй байсан нь тодорхой. Өнөөдрийн Монголчуудад агуу түүхийн санамж үлдэхгүй байх байсан нь тодорхой. Товчхондоо өнөөдрийн Монголчууд бид боолын сэтгэлгээтэй болчихжээ.

Өнөөдрийн Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л салбарууд “философийн асуудал”-д орчихоод байна. Өөрөөр хэлбэл “онолын асуудал”-д орчихсон гэсэн үг. Мэдлэг боловсролыг мухар сүсгийн доор тавьж, онолоос практикийг чухалчлан салган туйлшруулснаас энэ бүхэн болсон. Энэ бүхэн Монгол улсыг хямралд оруулж дампууруулахад ойрхон тулаад байна. Монголын ард түмэн бид ёс суртахууны доройтолтой, мэдлэгийн согогтой, мянгуужингийн үлгэр ярьдаг, авгайгаасаа өөр хүн таньдаггүй, эмээлээсээ өндөр уул хардаггүй өчүүхэн бөгөөд шалдар булдар эрх баригчдийн хоосон ярианд хууртагдан суугаад байвал хөгжил дэвшил хэзээ ч ирэхгүй төдийгүй харин ч эх оронгүй дүрвэгчид болох аюул ойрхон байна. Өнөөдрийн Монгол бол гаднаас нь харахад тусгаар тогтносон мэт боловч үнэн хэрэгтээ Орос, Хятадын хоёрын хоорон дахь тоглоомын улс болчихжээ. Аливаа нэг улс байна гэвэл байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байх учиртай. Торгуудын Хо өрлөг XV зуунд Оросын элчид хандан “Тэнгэрийн доор газар байдгийг мэдэх үү. Газар дээр ганц эзэн байдгийг мэдэх үү? Тэр нь Монгол хүн” хэмээн бардам хэлж байсан нь бидний өвөг дээдсийн оюуны царыг илтгэнэ.

Монгол үндэстэн өнөөдөр дэлхий дээр хэдэн сая гэдгийг хэн ч мэдэхгүй бөгөөд нарийвчлан гаргасан тоо ч алга. Ижил мөрний эргээр амьдрах Торгууд, Халимагаас эхлээд Татар Монгол, Хазар Монгол, Аймак Монгол, Хөх нуурын Монгол, Дээд Монгол, Цагаан Монгол, Дагуурын Монгол, Өвөр Монгол, Буриад Монгол, Барга Монгол гэсэн олон Монголууд мөн өөрсдийгөө Монгол гаралтай хэмээн хэлэлцдэг олон сая хүмүүс дэлхий дээр амьдарч байна. Тэр л олон сая Монголчуудын ариун гал голомтийг хамгаалж, тэдний итгэл найдвар болсон гурван сая Монголчууд минь өнөөдөр ямар байгаагаа харах хэрэгтэй болов уу? Бидний зорилго том, үүрэх ачаа их бас явах зам ч урт. Гал голомтыг нь сахиж байгаа учраас олон Монголчуудынхаа өмнө хүлээх үүрэгтэй. Хэл, соёл, зүс царай, шашин өөрч бид бусад Монголчуудаа “Монгол биш” гэж хэлэх ёс суртахууны эрх байхгүй. Түүхийн эргүүлэгт Монголчууд дэндүү их тарж бас дэндүү ч их өөрчлөгджээ. Тиймээс бид үүний хүлээн зөвшөөрөх ёстой.

Монголчууд минь дэндүү их чимээгүй, хэн ч биш явлаа. Одоо босож ирэх цаг нь болжээ. Монгол үндэстэн жижигхэн амьдарч, асуудлаас зугтах ёсгүй. Монгол Үндэстэн нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллах цаг нь ирсэн гэдгийг дахин сануулъя.

Дараагийн нийтлэлд өнөөдрийг хүртэл Монгол Үндэстэн ямар замыг туулж ирснийг та бүхэндээ товчлон хүргье.

Үргэлжлэлийг Цуврал 2-оос...

Моралтай Монгол Сан

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?