"СОЮЗ-23"

2016-02-28  

Одоогоос 40 жилийн өмнө, тодруулбал 1976 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗХУ-ын "Союз-23" хөлөг Байконур дахь сансрын буудлаас тэнгэр огторгуйг цойлон хөөрчээ. Сансрын хөлөгт хөлгийн ахлагч В.Д.Зудов, бүхээгийн инженер В.И.Рожденственский хоёр нисэж байв. Тэдний даалгавар нь дэлхийн тойрог замд буй "Салют-5" сансрын станцтай залгагдаж, ойролцоогоор 17-24 хоногийн хугацаанд төлөвлөгөөт туршилт, судалгаа хийх ёстой байв. Тэднээс өмнө уг сансрын станц дээр "Союз-21" хөлгийн багийнхан ажиллаж байгаад техникийн бусад шалтгаанаас болж уг станцыг орхиж явсан ба энэ удаагийн нислэг нь "Салют-5" сансрын станцтай залгагдах хоёр дахь оролдлого байсан юм. 

Гэвч бүх зүйл төлөвлөсний дагуу хялбар явагдсангүй. Хөлөг "Салют-5" станцад 100 метр орчим дөхөж явтал автоматаар залгагдах системд гэмтэл гарчээ. Хөлгийн багийнхан дэлхийд байхдаа гар аргаар станцтай залгагдах дадлага, сургууль хийсэн хэдий ч өөрсдийн хөлгийг гар жолоодлогоор станцад ойртуулах талаар ямар ч туршлагагүй байв. Хэрвээ хөлгийг гараар жолоодон станцад ойртож байгаад өчүүхэн жижиг алдаа гаргавал тэд амь насаа алдаад зогсохгүй, сансрын станц, хөлгөө алдах аюултай байдалд хүрч болзошгүй байсан юм. Үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст "Нислэгийг удирдах төв"-өөс ажиллагааг цуцалж, дэлхийд бууж ирэх тушаал өгчээ. Байконурын ойролцоо буух тохиромжтой хугацаа өнгөрсөн байсан тул хөлөг дотор тойрог замд нэг хоног хүлээхээр болов. Хөлөгт хоёр хоног хүрэлцэх батарейн цэнэг үлдсэн тул цахилгаан хэмнэх зорилгоор бүх төхөөрөмжүүдийг салгасны дотор радио станц багтаж байв. Ингээд 1976 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20.45 цагт хөлөг дэлхийн агаар мандалд орж ирж газардлаа. Гэхдээ сансрын хөлгийн буугч аппарат Казахстаны Тенгиз /манайхаар бол Тэнгис / нуурын усанд нэлээд хүчтэй газарджээ. Энэ бол зөвлөлтийн сансрын хөгжлийн түүхэнд хамгийн анхны бөгөөд сүүлийн удаа усан дээр газардсан ховор тохиолдол болж түүхэнд үлдсэн. Эндээс эхлэн сонирхолтой явдал өрнөж эхэлсэн байдаг. 

"Тенгиз" бол Байконурын зүүн хойд зүгт 650 км орчим зайд байрлах ба урт нь - 70 км, өргөн - 40 км, дунджаар 8 метр гүнтэй нуур юм. Буулгагч аппарат нь ус руу хөмрөөд урвуу харчихсан байсан тул хөлгийн хавхлагыг онгойлгож болдоггүй. Мөн 500 м/кв талбай бүхий аварга нөөц шүхэр нь хөлгийн дээрээс нөмөрч буугаад усан норж доошлохдоо хөлгийг усны мандлаас доош нь татаад орчихсон байна. Энэ нь бас аваарын гэрлэн дохиог гаднаас нь харах боломжгүй болгосон байдаг. Ингээд сансрын нисгэгчид хүйтэн мөстэй усанд унасан бүхээг дотроо урвуу харсан байдалтайгаар аврагч нарыг иртэл тэсэх хэрэгтэй болжээ. Ер нь сансрын нисгэгчид ямар орчинд газардах дадлага, сургууль хийсэн бэлтгэлтэй байдаг хэдий ч энд яригдаж буй тохиолдолтой тэр бүр таараад байхгүй л болов уу. Нисгэгчид хүлээсээр 1 цаг өнгөрлөө, 2 цаг, 3 цаг 4, 5 цаг өнгөрсөн боловч харамсалтай нь аврагч нар ирсэнгүй ээ. 

Нисдэг тэрэг бүхий эрлийн хэд хэдэн бүлгүүд сансрын хөлгийн байрлалыг олж тогтоохоор шаргуу ажиллаж байсан хэдий ч гадаа 22 хэмийн хүйтэн, хүчтэй салхи, манантай байсан тул буулгагч аппаратын байрлалыг тогтоож чадсангүй. Удалгүй харанхуй болж, цаг агаар улам муудсан тул эрлийн бүлгүүд "гар мухардаж" эхэллээ. "Москва"-аас ямар ч хамаагүй аргаар хөлгийг хамгийн богино хугацаанд олж, нэн тэргүүнд нисгэгчдийн амь насыг аврах үүрэг өгөгдөв. Эрлийн ажиллагаанд цэргийн алба хаагчид болон орон нутгийн иргэдийг шууд дайчлан татан оролцуулж эхлэв. 

Энэ бүх явдал өрнөж байхтай зэрэгцэн "Тенгиз" нуурын эрэгт байрлах "Абая"-н нэрэмжит сангийн аж ахуйд нэгэн баярт үйл явдал болж байлаа. Тус сангийн аж ахуйн тракторчин бүсгүй Вечеслав Наполов төрж охинтой болсон тул тосгоноороо цуглан баяр тэмдэглэж байсан нь тэр байв. Баяр ид дундаа орчихсон явж байтал тэдний чанх дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж эхэлсэн ба удалгүй газардав. Тосгоны иргэд ямар нэгэн ноцтой зүйл болж гэдгийг шууд ойлгожээ. Ингээд тосгоны иргэд өөрсдийн резинин завь, сал ашиглан нуурын мандлаар сансрын хөлгийг хайх эрлийн ажилд "ханцуй шамлан" оров. Ингээд шөнөжингөө хайсны эцэст хөлгийг олсон байна. Байгаа газар руу нь резинин завь ашиглан дөхөх гэтэл зайрмагтаж хөлдсөн мөс, лаг шаварт тээглээд явж болдоггуй. Ингээд өглөө гэгээ орохын алдад газар уснаа явагч машиныг нисдэг тэргээр дүүжлэн авчраад буулгагч аппаратын байгаа газрын ойролцоо усанд шууд буулгасан байна. Усанд шумбагчид хөлгийн гадна талд тусгай хөвөгч төхөөрөмж зүүж, хөлгийг дээш нь харуулсны дараа сансрын нисгэгчдийг гаргаж авсан юм. Аврах ажиллагаа хөлөг анх газардсанаас хойш 9 цагийн дараа амжилттай дуусав. Есөн цаг толгойгоо доош нь харуулаад хүйтэн, харанхуй нөхцөлд сууна гэдэг бас л сансрын нисгэгчдээс л гарч болох мундаг тэсвэр, тэвчээр шүү. Дараа нь буулгагч аппаратыг нисдэг тэргээр шууд өргөх гэтэл хэтэрхий хүнд байсан тул олсоор нисдэг тэрэгнээс дүүжлээд нуурын мандал дээгүүр чирч эрэгт гаргаад, машинд ачаад авч явжээ. 

Болсон явдал ингээд дууссангүй. Хэрэг явдлыг мөрдөн шалган тусгай комисс байгуулагдаж, бүхнийг мөрдөж эхэлжээ. Сансрын нисгэгчдийг мэргэжлийн алдаа гаргасан гэж буруутгасан байна. Харин хоёр нисгэгч болохоор онцгой нөхцөлд ажиллах ёстой нислэгийн зааврын дагуу ажилласан гэж тас гүрийв. Бүр сансар ниссэн хүн болгон хүртдэг "ЗХУ-ын баатар цол" олгохоос татгалзах санал хүртэл гарч байжээ. Мөн комисс эрлийн баг тун муу ажилласан гэж үзэж байсан тул буулгагч аппаратыг анх олсон нисдэг тэрэгний ахмадын цолыг бууруулж шийтгэх гэж байхад нь хоёр сансрын нисгэгчид өмгөөлсөн үг хэлсэн тул цолтой нь үлдэж байв. Гэвч энэ бүхэнд ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев цэг тавьж, хоёр сансрын нисгэгчид "Баатарын алтан таван хошуу" олгохоор болжээ. 1976 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Кремльд сансрын нисгэгч В.Д.Зудов, В.И.Рожденственский нарт "ЗХУ-ын Баатар" цол гардуулах ёслол болсон ба энэ үеэр Л.И.Брежнев "Та хоёрыг тэнгэрээс буугаад олддоггүй тэр шөнө бидний санаа зовж унтаж чадаагүй шүү," гэж хэлж байжээ. Удирдагч хүн гэж ийм байдаг ажээ.

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?