ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ЗАЛЖ БАЙНА

2016-07-11  

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд зориулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна.

Есөн хөлт цагаан тугийг Нийслэл хотын төв замаар бүтэн цагийн турш аялуулж, 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залснаар наадмын нээлт албан ёсоор эхэлнэ.

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.

1992 онд батласан шинэ үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм. Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Сүлдэд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлдээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэд шингэсэн гэдэг.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?